Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ-ны Озоны Үндэсний Алба: Судалгааны ажлуудын үр дүнг олон нийтэд танилцуулна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

БОАЖЯ-ны Озоны Үндэсний Алба: Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хэрэгжүүлж байгаа “ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлуудын үр дүнг олон нийтэд танилцуулах, оролцогч талуудыг өргөжүүлэх оролцогч талуудын хоёрдугаар уулзалтыг 2019 оны 06 сарын 06-ны өдөр зохион байгуулахаар ажиллаж байна. 

Монгол Улс 1996 онд “Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэгдэн орсон бөгөөд энэ хугацаанд: 

  • 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс озоны давхаргад нэн халтай хлорфторт нүүрстөрөгчийн (ХФН/CFC) төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн тэглэж чадсан болно.
  • Харин 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HCFC) төрлийн бодисыг 2030 он хүртэлх үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  • Цаашид 2016 онд Дэлхийн улс орнууд хамтран зөвшөөрсөн Монреалийн Протоколийн Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн (ГФН/HFC)-ийн төрлийн бодисын хэрэглээг бууруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол (МП)-ын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар озоны үе давхаргад сөрөг нөлөөгүй ч дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар (ДДНЧ) өндөртэй гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC)-ийн төрлийн хүчтэй хүлэмжийн хийн хэрэглээг 2024 оноос эхлэн үе шаттай бууруулах үүргийг дэлхийн хөгжиж буй бүх орнуудын нэгэн адил хүлээх болно. 

Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хэрэгжүүлж байгаа “ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” хөтөлбөрийн хүрээнд Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн эдийн засаг, байгаль орчны ашиг тусыг үр дүнтэйгээр хүртээж хэрэгжүүлэхийн тулд эдгээр бодистой холбоотой зах зээлийг судалж, Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, одоо байгаа квот, зөвшөөрөл, мэдээллийн мониторингийн тогтолцоо бэлэн байгаа эсэхийг дүгнэж, цаашид авах шаардлагатай арга хэмжээ, стратеги төлөвлөгөө боловсруулах судалгааны ажлуудын явц, үр дүнг танилцуулах оролцогч талуудын эхний уулзалтыг 2019 оны 05 сарын 07-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулсан билээ.

Ойрын үед 2019 оны 06 сард Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, үр дүнг илүү өргөн хүрээний оролцогч талуудад танилцуулж, Монгол Улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах ажиллагааг хөнгөвчлөхийн тулд хэрэгжүүлж байгаа “ИДЭВХЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА” хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн судалгааны ажлуудын ололт амжилтын талаар олон нийтэд танилцуулах оролцогч талуудын хоёрдугаар уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБА

Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Энхтайвны өргөн чөлөө-4, Экспресс цамхаг, 304в тоот

Утас: 312458

Цахим хаяг: mongolia@ozone.mn

Facebook page: NOA Mongolia Озоны үндэсний алба 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.