Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хүчинтэй визтэй гадаадын бүх иргэд буюу 55 сая гаруй хүний гэмт хэрэг, зөрчлийн түүхийг шалгахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Одоо АНУ-ын хүчинтэй виз эзэмшиж байгаа 55 сая гаруй гадаадын иргэний түүхийг нэг бүрчлэн шалгаж, ямар нэг зөрчил илэрвэл визийг нь цуцалж, албадан буцаахаар төлөвлөж байгаагаа төрийн департамент өчигдөр мэдэгджээ.

Албадан буцаах шалгуурт визийн хугацаа хэтрүүлэлт, гэмт хэргийн түүх, нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдэл, ямар нэг хэлбэрээр террорист үйл ажиллагаанд холбогдсон байдал зэрэг багтах гэнэ.

“Виз олгосны дараа хууль сахиулах болон цагаачлалын байгууллагуудад бүртгэгдсэн тухайн хүнтэй холбоотой бүх мэдээллийг бид шалгах болно” гэж төрийн департаментын мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш тус улсад хууль бус арга замаар амьдарч буй гадаадын иргэдийг илрүүлэх, албадан буцаахад нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа.

Эхэн үедээ Трампын засаг захиргааны энэ бодлого Палестиныг дэмжигч, Израилийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон гадаад оюутнуудад чиглэж байсан бол одоо АНУ-ын виз авсан бүх гадаадын иргэдэд болон өргөжиж байна.

Энэ удаагийн арга хэмжээний хүрээнд тухайн виз эзэмшигчийн сошиал медиа хэрэглээ, эх оронд нь бүртгэгдсэн гэмт хэргийн түүх, АНУ-д байх хугацаандаа гаргасан зөрчлийн түүх зэргийг шалгах тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш янз бүрийн хууль бус үйлдэл, зөрчил гаргаж байсан түүхтэй гадаадын 6,000 гаруй оюутны визийг хүчингүй болгосныг АНУ-ын төрийн департамент энэ долоо хоногийн эхээр мэдээлж байв.

Эдгээрийн 200-300 орчим нь террорист байгууллагыг дэмжсэн зэрэг терроризмтой холбоотой ямар нэг зөрчилтэй байсан байна.

 

Эх сурвалж: Associated Press