Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Аляскад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өрнөдийн орнуудын Украинд өгөх аюулгүй байдлын баталгааг ОХУ-ын ерөнхийлөгч Путин зөвшөөрсөн тухай АНУ-ын албаныхан мэдээлж байсан.
Гэвч ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногийн Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Украины аюулгүй байдлыг хангах асуудалд Орос улс зайлшгүй оролцох шаардлагатайг мэдэгдсэн.
Бас Өрнөдийн орнуудын цэргийн хүч дайны дараа Украины нутаг дэвсгэрт байрлах боломжийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Эндээс харвал Аляскын уулзалтын үеэр ярьсан зүйлээсээ Оросын эрх баригчид ухарсан, эсвэл Трампын засаг захиргааныхан Оросын байр суурийг анхнаасаа буруу ойлгосон бололтой.
Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө Оросын арми Украины нутаг дэвсгэрт томоохон агаарын довтолгоо явуулсан нь энхийн гэрээ байгуулах үйл явцыг улам эргэлзээтэй болгосон юм.
Украины дайныг дуусгах хүчин чармайлт нь саад бэрхшээлтэй тулгарсанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бухимдаж байгаа нь түүний Пүрэв гарагт хийсэн мэдэгдлээс харагдаж байна.
Өчигдөр тэр Украинд анхнаас нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тулалдах боломж өгөлгүй, зөвхөн өөрийгөө хамгаалах хэмжээний тусламж үзүүлж байсанд өмнөх ерөнхийлөгч Жо Байденыг буруутгажээ.
“Эзлэн түрэмгийлэгч улсын эсрэг довтлохгүйгээр дайнд ялах нь маш хэцүү, бүр боломжгүй зүйл. Энэ нь маш сайн хамгаалалттай хэдий ч довтлох эрхгүй спортын багтай адил. Ингэвэл ялах боломж байхгүй! Украин, Оросын хувьд яг ийм болоод байна. Чадваргүй, сул дорой Жо Байден эсрэг тулалдах биш, зөвхөн хамгаалах боломжийг Украинд олгосон. Яаж ингэж болох вэ? Сонирхолтой цаг үе бидний өмнө байна” гэж Трамп сошиал хуудсандаа бичсэн юм.
Лавров сая ярихдаа Путин, Зеленский нарын уулзалтыг бараг боломжгүй болгох нөхцөл тулгасан байна.
Тухайлбал Оросын шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд уг уулзалтыг зохион байгуулах боломжтойг тэр мэдэгджээ. Өөрөөр хэлбэл уулзалтаас өмнө Украин улс дайнд бууж өгөх ёстой болж байна.
Үүнээс гадна Зеленский энхийн гэрээнд Украиныг төлөөлөн гарын үсэг зурах хууль ёсны эрхтэй хүн мөн эсэхэд эргэлзэж байгаагаа Лавров илэрхийлсэн юм.
Өчигдөр Киев хотод сэтгүүлчидтэй уулзсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаас Орос улс татгалзвал хатуу арга хэмжээ авахыг АНУ-ын засаг захиргаанд уриалсан байна.
“Би хоёр талын уулзалтад бэлэн байгаагаа тэр дор нь илэрхийлсэн. Харин Оросын тал үүнд бэлэн биш байвал яах вэ?” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Пүрэв гарагийн шөнө Оросын арми Украины баруун бүс нутгуудад 574 дрон, 40 пуужингаар довтлоход нэг хүн алагдаж, 15 хүн шархадсан юм.
Уг халдлагад АНУ-ын электроникийн томоохон үйлдвэр өртсөнийг Украины гадаад хэргийн яам мэдээлжээ.
“Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа нь тодорхой харагдлаа. Орос улс Украин дахь Америкийн бизнест халдаж, Америкийн бизнесийг гутаан доромжиллоо” гэж Украин дахь АНУ-ын худалдааны танхимын ерөнхийлөгч Энди Хандер мэдэгдсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!