Улаанбаатар хотод өчигдөр 17:00-18:00 цагт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ мэдээллээ.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "17:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг, аадар бороо орж, 12.5мм хур тунадас буулаа. Борооны улмаас үер устай холбоотой 85 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 24 дуудлагад мэргэжлийн байгууллага ажиллалаа.
20:10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны орон сууцны гадна хоёр иргэн ухаан алдсан байсныг дүүргийн онцгой байдлын алба хаагч нар эмнэлгийн байгууллага дуудаж, хүргэсэн. Тухайн хоёр иргэний биеийн байдал хэвийн, ГССҮТ-д эмчлүүлж байна.
Үерийн улмаас хүний амь нас эрстээгүй.
Нийслэл болон дүүргийн удирдлагууд, есөн дүүргийн онцгой байдлын шуурхай штаб, төвийн зургаан дүүргийн ТҮК-ийн ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагаар ажиллаж байна. Ус тогтсон байршлуудын усыг бүрэн соруулж, гудамж талбайн хог, лагийг цэвэрлэн ариутгаж байна" гэж мэдээллээ.
Урд шөнө хот тохижилтын газрын тав, хувийн хэвшлийн 10 машин, 30 ариутгагч хотын гудамж, замуудыг халдваргүйжүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!