Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

С.Оюунбилэг: Хөгжлийн банканд гарсан алдаа, зөрчил гурван их наяд төгрөгөөр хэмжигдэхгүй

Д.Мягмардорж
2019 оны 5 сарын 16
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгтэй ярилцлаа. 

-Үндэсний аудитын газраас Хөгжлийн банканд хоёр үе шаттай хийсэн аудитын тайлангаа Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Тэр үеэр гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг мэдээлэл ил болсон. Ямар учиртай ийм том мөнгөн дүнтэй алдаа, зөрчил илрэв? 

-Хөгжлийн банкны аудит яагаад хоёр үе шаттай хийгдсэн байдаг талаар тайлбар өгье. Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн гурван төрлийн аудит хийдэг. Хөгжлийн банканд гүйцэтгэлийн аудит орсон. Эхлээд Монгол Улсын Хөгжлийн банк хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаж байна уу, эрх зүйн орчин, тогтолцоо нь бүрэлдсэн үү, алдаа эрсдэл байна уу гэдэгт чиглэсэн аудит орсон.

Өөрөөр хэлбэл, яагаад Монгол Улсад Хөгжлийн банк хэрэгтэй юм. Хөгжлийн банкийг байгуулсан зорилго юу билээ. Арилжааны банк, Монголбанкнаас юугаараа ялгаатай зэргийг нягтлахтай холбоотой алдаа, зөрчил илэрсэн. Дээрээс нь татан төвлөрүүлсэн хөрөнгөө зөв зүйтэй удирдаж чадаагүй, хөгжлийн бодлогын төлөвлөлт рүү зээлээ чиглүүлээгүй байх эрсдэл өндөр харагдсан учраас хоёрдугаар шатны шалгалт хийсэн.

-Хоёрдугаар шатны шалгалтыг ямар чиглэлээр хийсэн бэ? 

-Үндсэндээ дөрвөн зорилтын хүрээнд хийсэн. Нэгдүгээрт, Хөгжлийн банк үйл ажиллагааны чиг үүргийн дагуу ажлаа хийж чадаж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгсөн. Хоёрдугаарт, татан төвлөрүүлсэн хөрөнгийн үр ашгийг эрсдэлгүй удирдсан уу гэдгийг нарийвчилсан. Гуравдугаарт, зээл олголтын үйл ажиллагаагаа үр дүнтэй, хуул ь журмын дагуу явуулсан уу гэдэг үүднээс үзсэн.

Дөрөвдүгээрт, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд үр нөлөөтэй хяналтын тогтолцоо байсан уу, яагаад ийм өндөр дүнтэй эрсдэлтэй хүчин зүйлс бий болов гэдгийг авч үзсэн нэгдсэн тайлан гараад байна. Бүх тайланг нэгтгэхэд таны асуусан гурван их наяд төгрөгийн алдаа, зөрчил ил болсон. Гурван их наяд төгрөгийн алдаа, зөрчлийг тоймлоход, тухайн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд илэрсэн.

Тухайлбал, үйл ажиллагаа явуулах байр худалдан авахдаа сонгон шалгаруулалтын тухай журам зөрчсөн, зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнээр худалдаж авсан талаар манай тайланд дурдсан байгаа. Худалдаж авахдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй арилжааны банкнаас авсан зэрэг үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн. Мөн эрх зүйн үндэслэлгүй тушаал шийдвэрээр албан тушаалтныг чөлөөлсний уршгаар шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөр өгсөн гэх мэт зөвхөн үйл ажиллагаатай холбоотой 10.3 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил гаргасан. Аудитын зүгээс алдаа болон зөрчил гэж ангилан үзэж байгаа.

Өөрөөр хэлбэл, алдаа гарахад засаж залруул гэж зөвлөмж хүргүүлдэг бол зөрчлийг акт тавих, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх зэргээр албадан арил гуулах арга хэмжээ авдаг. Алдаа, зөрчлийн дүн нийлээд гурван их наад төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Гурван их наяд төгрөгөөс гадна 341.5 сая ам.доллар, 168 сая иений зөрчил гарсан. Тэгэхээр зөвхөн гурван их наяд төгрөгөөр хэмжигдэхгүй гэж ойлгож болно.

-Зөвхөн гурван их наяд төгрөгөөр хэмжигдэхгүй гэхээр өөр бас зүйлүүд байгаа гэсэн үг үү?

-Цаашлаад эх үүсвэр татан төвлөрүүлэх, мөнгөн хөрөнгөө удирдах үйл ажиллагаатай холбоотой нэг их наяд төгрөг, 18.8 сая ам.доллар, 168 сая иений алдаа, зөрчил илэрсэн. Зөвхөн нэг жишээ хэлэхэд, Сангийн яам 2013 онд 1.2 тэрбум ам.долларын Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банканд төгрөгөөр байршуулсан. Үүнээс 2016 оны эцэс гэхэд, Сангийн яам 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн.

Мөнгө авчихаад ашиглахгүй, ханшийн эрсдэл хүлээсэн байгаа юм. Анх татан төвлөрүүлэхдээ 5.75 хувиар авчихаад, арилжааны банканд түүнээсээ бага хувийн хүүгээр хадгалуулах гэх мэт зөрчил илэрсэн. Энгийнээр бодоход, чи надаас гурван хувийн хүүтэй мөнгө зээлчихээд, банканд 1.5 хувийн хүүтэй хадгалуулахгүй биз дээ. Татан төвлөрүүлсэн хөрөнгөө оновчтой удирдаж чадаагүйтэй холбоотой ийм зөрчлүүд гарсан. Энэ мэт олон зөрчил байгаа.

Сангийн яам ам.долларын ханшийн зөрүүгээс 761 тэрбум төгрөг, Хөгжлийн банк дээр нь 30 тэрбум иенийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаж, ханшийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 102 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн.

-Хөгжлийн банкнаас олгосон зээлүүд хамгийн их хэл ам дагуулдаг шүү дээ. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл хүргэх боломжтой юу?

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд алдаа байсан. Мөн татан төвлөрүүлсэн хөрөнгийг үр ашигтай зарцуулж чадаагүй байна. Дараагийн гол алдаа, зөрчил бол зээлийн үйл ажиллагаатай холбоотой 2.1 их наяд төгрөг, 322.7 сая ам.доллар байсан. Тухайлбал, арилжааны банкуудаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээл олгосон нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 -д заасан “Хөгжлийн банк нь УИХ-аас баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална” гэх заалтыг зөрчсөн.

Үүгээр 786.8 тэрбум төгрөгийн ашиглалт муутай, эргэн төлөлт хангалтгүй, ангилал буурсан, төслүүдийн хэрэгжилтэд хяналт тавих сайжруулах шаардлагатай гэх мэт яг зээл олголттой холбоотой зөрчлүүд илрээд байгаа. Монгол Улс хөгжпөө хурдасгах Хөгжлийн банктай байх ёстой юу, ёстой. Хөгжлийн зээл олгох ёстой юу гэвэл, ёстой. Харин Хөгжлийн банкны зээлийг хязгаарлахаар аж ахуйн нэгжүүдээ дэмжсэнгүй гэдэг шүүмжлэл гардаг.

Гэвч тайланг уншаад үзэхээр, өнөөдөр аж ахуйн нэгжүүд маань өөрөө төлөвшиж чадсан уу гэдэг асуулт урган гарч ирнэ. Нэг аж ахуйн нэгж барилгын хавтан үйлдвэрлэнэ гэж таван тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Гэтэл тухайн хавтанг үйлдвэрлэхэд, түүхий эд материал нь хангалттай юу, нийлүүлэх зах зээл нь хангалттай байна уу, урд хөршөөс яг ижилхэн хавтан хэдээр орж ирдэг гэх мэт эдийн засгийн тооцоо судалгаагаа хийлгүйгээр зээл авсан ч үйл ажиллагаа нь зогсчихсон байх жишээтэй.

-Миний санаж байгаагаар Н.Алтанхуяг сайдын үед бондын эх үүсвэрээс зээл авсан компаниудад шалгалт хийсэн удаатай. Тэгэхэд барилгын материалын үйлдвэр нээх нэрээр зочид буудал байгуулсан тохиолдол гарч байсан?

-Тэр мэт асуудал бий. Тооцоо судалгаагаа сайн хийж чадаагүйгээс үйл ажиллагаагаа зогсоосон. Зогссон учраас зээлээ төлөх чадваргүй болсон төсөл хэрэгжүүлэгчид гарсан. Мөн авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудлууд тайланд тусгагдсан. Зээлийг анх олгохдоо Хөгжлийн банкны зорилго, зорилтод нийцээгүй, авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй зэрэг нийт 162 тэрбум төгрөг, 322.7 сая ам.долларын зөрчил илэрсэн. Энэ бүгд гурван их наяд төгрөгийн алдаа, зөрчилд багтаж байгаа юм.

-Тэгвэл гурван их наяд төгрөгийн алдаа, зөрчил хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Аудитын байгууллагаас ямар нэгэн шийдэл гаргадаг байх?

-Аудитын байгууллагад хуулиар олгогдсон эрх бол хяналт шалгалт хийх замаар алдаа, зөрчлийг илрүүлээд, таслан зогсоох, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиг үүрэгтэй. Аудит гэм буруутайг нь эцэслэн тогтоох боломжгүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстойг нь шалгуулна. Эрсдэл өндөртэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй асуудлууд байсан.

Тиймээс тухайн байгууллагыг удирдаж байгаа удирдлагад алдаа зөрчлийг засаж залруулах ёстой гэдэг албан шаардлага, зөвлөмж өгдөг. Зарим тухайлсан асуудлууд дээр илүү нарийвчлан шалгах шаардлагатай байна гэж үзвэл, эрсдэлийн аудит оруулъя гэсэн санал өгч байгаа юм.

Энэ аудитад арилжааны банкуудаар дамжуулан зээл олгосон 1,625 төсөл арга хэмжээнээс түүвэрлэн хамруулсан. 1,625 төсөл арга хэмжээ гэдэг бол 1,625 аудит гэсэн үг. Ийм богино хугацаанд 1,625 төсөл арга хэмжээ тус бүрд нь үнэлэлт дүгнэлт өгнө гэхээр бидэнд цаг хугацааны болоод хүний нөөцийн боломж байхгүй.

-Танай дүгнэлтэд 11 асуудлыг хууль хяналтын байгууллагаар зайлшгүй шалгуулах шаардлагатай талаар дурдсан байсан. Энд ямар асуудлууд багтаж байгаа вэ?

-Эрсдэл өндөр буюу бидний эрх үүргийн хэмжээнд тогтоох боломжгүй асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгаа юм. Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаа, худалдан авалттай холбоотой 10.2 тэрбум төгрөг, эх үүсвэр татан төвлөрүүлэх мөнгө хөрөнгийг удирдахтай холбоотой 22.5 тэрбум төгрөг, 0.9 сая ам.доллар, 168 сая иен, зээлийн үйл ажиллагаатай холбоотой 106.2 тэрбум төгрөг, 63.8 сая ам.долларын алдаа, зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

-Тухайлбал, нэг барилгын хоёр давхар оффисыг хэт өндөр үнэлэн худалдан авсан асуудал энд багтаж байгаа юу?

-Багтсан. Төрийн аудитын байгууллага хараат бус хөндлөнгийн мэргэжлийн шинжээчдийг авч ажиллуулах эрх зүйн орчин нээлттэй байдаг. Энэ хүрээнд үнэлгээний компанитай гэрээгээр хамтран ажилласан. Тэр компани тухайн үед тийм хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө ямар үнэтэй байсан бэ гэдгийг гаргасан. Баригдсан барилгын хоёр давхар буюу 3,240 ам.метр оффис, 10 машины зогсоолыг 27 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байдаг.

Тэгэхдээ арилжааны банкнаас худалдаж авсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй. Гэтэл тухайн үед ижил төстэй МУИС-ийн номын сангийн 15,092 ам.метр талбай бүхий зоорьтой зургаан давхар барилга бүхэлдээ 19 тэрбум төгрөгөөр баригдсан байдаг. Энэ бүгдийг хавсаргаад хууль хяналтын байгууллагад өгч байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоосон тохиолдолд энэ мөнгийг Хөгжлийн банканд буцаан төвлөрүүлэх ёстой.

-Нэгэнт хоёр тал гэрээний харилцаа үүсгээд, өнгөрчихсөн тохиолдолд наймаа буцах боломжтой гэж үү?

-Буцаан төвлөрүүлэх ёстой. Яагаад гэвэл, Хөгжлийн банк бол төрийн оролцоотой аж ахуйн нэгж. Илт ийм зөрчлийг мэргэжлийн аудит илрүүлээд гаргаад өглөө. Одоо засаж залруулах нь хууль хяналтын байгууллагын эрх мэдлийн хүрээнд үлдэж буй асуудал.

-Энэ бол нөгөө 11 асуудлын зөвхөн нэг нь. Бусад асуудлуудыг нь тодруулах боломжтой юу?

-Арилжааны банкууд болон бусадтай нийлж, орлого олох боломжуудаа хаасан байх магадлалтай. Монголбанкны бодлогын хүүний түвшнээс бага хүүгээр арилжааны банкуудад ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар мөнгө байршуулсан байж болзошгүй асуудлууд багтсан. Эдгээрийг төрийн аудитын байгууллага яагаад зарлаж болдоггүй вэ гэхээр хууль хяналтын байгууллагаар гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад олон нийтэд нээлттэйгээр зарлах хориотой. Тодорхой эрсдэлүүд гарлаа. Гэхдээ хэнтэй холбоотой гэдгийг нь тогтоох бол хууль хяналтын байгууллагын асуудал.

-Өнгөрсөн хугацаанд Үндэсний аудитын газар том том шалгалт хийлээ л гэж дуулдсан болохоос тэр болгон олон нийтэд нээлттэй танилцуулдаггүй нь үүнтэй холбоотой байж. Угаасаа мэдээлэхгүй байсан ч болно. Харин шалгалтын үр дүнгийн тухайд мэдээлж болох байх. Үр дүнгүй шалгалт хийгээд байвал, төр дэргэдээ аудитын байгууллагатай байсны хэрэг гарахгүй биз дээ?

-Бүх асуудлыг дараад өнгөрсөн тохиолдол байхгүй. Аудитын байгууллагын шалгалтын үр дүн харьцангуй сайн гардаг. Хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоогоод, барагдуултал хугацаа ордог. Тиймээс бидний гаргасан дүгнэлтийн дагуу хууль хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэгтгэлийг 2018 оны эцсийн байдлаар гаргасан байгаа.

-Аудитын дүгнэлтийг уншиж байхад, өнгөрсөн хугацаанд төр засгийн бодлого тогтворгүй байснаас болж Хөгжлийн банк ашигт ажиллагаа буурсан гэх утгатай үг, өгүүлбэр байсан. Үүнийг улс төрийн оролцоо хэт өндөр байсан гэж ойлгож болох уу?

-Тайлан дээр яг энэ асуудал тод томруун гарч ирсэн. Монгол Улс өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Алдаа оноотой зүйлсээ өдрөөс өдөрт засаж залруулаад явж байна. Хөгжлийн банкны тухайд хууль эрх зүйн орчин хангалтгүй, дүрэм журмын зохицуулалт, сайжруулалт хийх шаардлагатай гэдэг нь дүгнэлтээр гарсан. Түүнээс гадна Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг нь УИХ-аас баталж өгдөг байсан.

Нэг талаас улсынхаа хөгжлийн бодлогыг УИХ батлах ёстой ч нөгөө талаараа банкны үйл ажиллагаанд шууд оролцоно гэдэг нь байгууллагын хараат бус байдал руу нөлөөлж буйн нэг том хэлбэр мөн. Засгийн газраас эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт маш олон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр жагсаалтыг нь баталсан. Зарим нь тооцоо судалгаа дутуу байсан учраас эрсдэл дагуулсан.

Мөн төр засгаас бодлогын шийдвэрүүдээ удаа дараалан өөрчилдөг байдал нөлөөлсөн. Тухайлбал, Таван толгойн цахилгаан станцын хүчин чадлыг удаа дараа өөрчлөөд байгаа нь тогтворгүй бодлого түүнийг дагасан үр ашиггүй зардал гарах, зээл эрсдэх нөхцөл байдалд хүргэсэн байсан. Ийм тогтворгүй бусад шийдвэрүүд зээлийн ангилал буурах, эрсдэлийн сан нэмэгдэхэд нөлөөлсөн байсан.

Энэ нэг зүйлийг зориуд хэлэхэд, Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудыг харьцангуй сайн ажиллаж байгаа нь аудитын явцад харагдсан. Өөрөөр хэлбэл, аудитын байгууллагын зөвлөмжийг хүлээн авч цөөнгүй алдаа зөрчлийг залруулснаас гадна Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой дагалдах олон дүрэм журмыг өөрчилж засаж сайжруулсан байсан.

-Аливаа байгууллагын дотоод үйл ажиллагаа, санхүүгийн зөрчил буух эзэн, буцах хаягтай байх ёстой. Энэ том мөнгөн дүнтэй зөрчлийн хэдэн хувь одоогийн удирдлага, өмнөх удирдлагад хуваагдаж байгаа вэ?

-Аудитын хамрах хүрээ гэж байна. 2017 оноос эхэлсэн шалгалт учраас тухайн жилдээ хязгаарлагдаад дуусаж байгаа юм. Тэгэхээр 2012-2017 оныг хамарсан тайлан гэж ойлгож болно. Одоогийн удирдлагууд нь 2016, 2017 онд томилогдсон байлгүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил нь одоогийн удирдлагуудтай хамааралгүй тайлан гэсэн үг. Сүүлийн нэг жилийн үйл ажиллагаа нь хамааралтай болж таарна.

Бидний зүгээс гаргасан зөрчил тус бүрийг он сартай нь тусалсан байгаа. Уг нь аудит тухайн байгууллагын үйл ажиллагааг хянаж байгаа болохоос хэн гэдэг албан тушаалтан хариуцаж байсан нь хамаагүй. Гэтэл нөхцөл байдал тогтворгүй, дахин дахин удирдлагууд нь солигддог тогтворгүй байдлаас шалтгаалаад, аудит хүртэл хэн нэгэн хүнийг буруутай болоод буруугүйг нотлох төвөгтэй ажиллагаа хийдэг болоод байна.

Манай стандартад ийм юм байх ёсгүй. Жилийн дундуур төсөв захирагч нь солигдчихоод, жилийн төгсгөл нь миний алдаа байсан бусад нь биш гэж бичээд өгөөч гэж орж ирсэн тохиолдол ч бий. Тийм зүйл огт байж болохгүй. Бид жилийн санхүүгийн тайланг нэг л удаа баталгаажуулж байгаа. Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс ч үүнд анхаарах хэрэгтэй.

Яг энэ нөхцөл байдлаас болоод бид зөрчлийн хуудас гэдэг юмтай болсон. Энэ бол Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар даргын санаачилж хийсэн ажил. Зөрчлийн хуудасны давуу тал нь нэгдүгээрт, хэдэн онд, хэн гэдэг албан тушаалтан байхдаа ямар алдаа зөрчлийг гаргасан бэ гэдгийг архивлаж, төрийн ой санамжид үлдээдэг болсон.

Хоёрдугаарт, зөрчлийн хуудсыг Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газарт хүргүүлдэг болж байгаа. Тухайн хүн дахиад албан тушаалд томилогдоход, Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газар харгалзан үздэг болно гэсэн үг. Ингэж байж улсын хэмжээнд сахилга хариуцлага сайжирна. Сүүлийн хоёр жилийн аудитын тайланд зөрчлийн хуудас гэдэг зүйл нэмэгдсэнээр төсөв захиран зарцуулагч нарын хариуцлага нэмэгдсэн. Нэг талаасаа хариуцлагын асуудал. Нөгөө талаараа ажлаа хийж байгаа хүмүүсийг хэлмэгдүүлэхгүйн тулд тухайн зөрчлийг хэн гаргасан бэ гэдгийг зөрчлийн хуудсаар тодорхойлж байгаа юм.

МОНГОЛ УЛСАД ЗӨРЧИЛГҮЙ ДҮГНЭЛТ АВАХ БАЙГУУЛЛАГА БАРАГ БАЙХГҮЙ

-Нэгэнт тантай ярилцаж байгаагийнх хэдэн зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Эхнийх нь Засгийн газрын харьяа сангуудтай холбоотой асуудал нийгмийг багагүй бухимдууллаа. Тэгэхэд аудитын байгууллага хаана, юу хийж байсан бэ гэдэг шүүмжлэл гарсан. Та үүнд хариулт өгөөч?

-Аливаа мэдээлэл тэнцвэргүй байхаар нийгэмд буруу ойлголт төрүүлдгийн нэг жишээ энэ юм болов уу. Нийтээрээ ийм төсөөлөлтэй болсон. Олон улсад сангаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг жишиг бий. Монгол Улсын тухайд сангуудын санхүүгийн тайланг төрийн аудитын байгууллага баталгаажуулдаг. 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар Засгийн газрын тусгай сангууд нэлээд эрсдэлд орсон, нөхцөл байдлыг нь санхүүгийн тайландаа тусгаад, 2017 оны тайландаа Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд зөвлөмж хүргүүлсэн.

Зөвлөмждөө “Тусгай сангуудад тавих хяналтыг сайжруулж, сангаас олгосон санхүүжилт болон зээлийг шалгуурт нийцүүлэн олгож байх, зээлийн эргэлтийн хугацаанд нь барагдуулах талаар холбогдох арга хэмжээг ав” гэж тусгасан. Сангууд эрсдэлтэй байдалд байна шүү гэдгийг хүргэсэн учраас Засгийн газраас дотоод аудитын шалгалт хийж, бүх сангуудын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгосон байгаа.

Ялангуяа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2016 оны аудитаар эрсдэлд орсон байсан. Манай санхүүгийн аудит дөрвөн төрлийн дүгнэлт өгдөг. Эхнийх нь зөрчилгүй буюу хэвийн хэмжээнд гэсэн санал дүгнэлт. Хоёрдугаарт, хязгаарлалттай. Гуравдугаарт, сөрөг. Дөрөвдүгээрт, аудит дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн тохиолдолд санал дүгнэлт өгөхөөс татгалздаг.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар санал дүгнэлт өгөхөөс татгалзсан. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас аудит дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн. Харин 2017 оны санхүүгийн тайлангаар сөрөг дүгнэлт, 2016 оны санхүүгийн тайлангаар хязгаарлалттай санал дүгнэлт өгч байсан.

Өөрөөр хэлбэл, аудитын байгууллага энэ санг жилээс жилд эрсдэлд ороод байна гэдгийг шат дараалан анхааруулж ирсэн. Тэгэхээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал аудитын байгууллагын үр өгөөжөөр илрэн гарч ирсэн гэсэн үг. Тусгай сангуудаас гадна төсвөөс татаас авдаг Орон нутгийн хөгжлийн сан гэж томоохон сан байгаа. Энэ сан өнөөдөр эрсдэлтэй байгаа.

2018 оны арванхоёрдугаар сард гаргасан тайлангаараа сангийн эрсдлийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад санал хүргүүлж, 650 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Аудитын байгууллага байнга үйл ажиллагаагаа ил тод нээлтэй мэдээлэхгүй болохоор иргэд сайн ойлгож мэдэхгүй байх. Гэтэл дээрх бүх эрсдэлүүдийг аудитын тайланд тусгаж ирсэн.

-Дараагийн асуух зүйл нь танайхаас АСЕМ-тэй холбоотой 300 гаруй тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн талаар мэдээлэл яваад намжсан. Энэ асуудал юу болсон юм бэ?

-2016 оны санхүүгийн аудитын тайлангаар Гадаад харилцааны сайдын багц дээр АСЕМ-тэй холбоотой 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал гарсан. Тиймээс эрсдлийн аудит хийх шаардлагатай гэж үзэж, бусад тайлангуудыг шалгах явцад нэмэгдсээр энэ дүн гарч ирснийг бид олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Учир нь төрийн аудитын байгууллага гурван үндэслэлээр аудит хийдэг.

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий аудиторын өөрийн санаачилгаар. Хоёрдугаарт, Төсвийн байнгын хорооноос баталж өгсөн сэдвийн дагуу. Гуравдугаарт, олон нийтийн хүлээлттэй сэдвийн хүрээнд шалгалт хийхийг хуулиар зааж өгсөн байдаг. Олон нийтийн хүлээлттэй сэдвээр аудит хийсэн бол олон нийтэд нь тайлагнах ёстой. Энэ хүрээнд л тайлагнасан ажил. АСЕМ-ийн ач холбогдлыг хоёр талаар авч үздэг.

Эх орноо олон улсад сурталчилсан, аялал жуулчлал нэмэгдсэн, гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хандах хандлага өөрчлөгдсөн гэх мэт нийгмийн ач холбогдолтой байсан. Гэсэн хэдий ч Монгол Улсад дагаж мөрдөх хууль гэж бий. Төсвийн тухай хууль, сонгон шалгаруулалтын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн үйл ажиллагаануудыг танилцуулсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс дахин ийм үйл ажиллагаа зохион байгуулахдаа юуг анхаарах шаардлагатай вэ гэдгийг аудитын байгууллага гаргаж өгсөн.Түүнээс аль нэг аж ахуйн нэгж, хэн нэгний нэр хүндэд халдаагүй. Аудитаар 300 гаруй тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Ихэвчлэн сонгон шалгаруулалтын тухай хууль зөрчсөн, шууд гэрээгээр гүйцэтгэсэн байсан.

Гадаад харилцааны сайдын багц дээр АСЕМ-тэй холбоотой 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал гарсан.

Гүйцэтгэсэн ажлынх нь тайлан байгаагүй. Ажил хийсэн байж болох ч түүнийгээ нотлох баримт, архивын нэгж байгаагүй учраас аудитын байгууллага үр ашигтай болсон гэж дүгнэж чадахгүй. Дээрээс нь АСЕМ болоод хоёр жил өнгөрсөн ч АСЕМ-тэй холбоотой Монгол Улсад ашигтай гэрээ хэлэлцээр, цаашид үргэлжилсэн ажил байгаагүй. Хөрөнгө оруулалт орж ирээгүй.

Тэгэхээр нийгмийн ач холбогдолтой болсон гэхэд эдийн засгийн үр ашиггүй арга хэмжээ байсан гэдгийг танилцуулсан. Улмаар 290 тэрбум төгрөгийн асуудлыг 17 албан тушаалтантай холбогдуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүнийг төрийн аудитын байгууллагын хуулийн 15.3-т тодорхой заагаад өгсөн байдаг 2018 оны эцэст хууль хяналтын байгууллагаас явцыг тодруулахад таван асуудалд хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа юм билээ.

-Аудитын байгууллага жил бүр яам, тамгын газраас авахуулаад бүх шатны байгууллагын санхүүгийн тайланг хянадаг. 2018 оны санхүүгийн тайлангийн үр дүн хэрхэн гарав. Өмнөх алдаа дутагдал буурсан уу?

-Төсвийн тухай хуулиараа тухайн оны арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгодог. Аудитын байгууллагын хянах үүрэгтэй 6,500 гаруй байгууллагыг төсвийн шууд захирагчид, төвлөрүүлэн захирагчид, ерөнхийлөн захирагч нар гэж гурван түвшинд хуваан авч үздэг. Гурван сая хүн амтай улсад 7,000 орчим төрийн оролцоотой байгууллага гэдэг бас л бодмоор асуудал.

Гэтэл ийм олон байгууллагыг төсвийн цаглабарт богино хугацаанд шалгадаг. Ингэхээр аудитын байгууллагын цөөхөн албан хаагчдад асар өндөр ачаалал ирдэг ч хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлдэг. Одоогоор Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн тайлан хийгдэж байгаа. Үүнийг ирэх зургаадугаар сарын 10-ны дотор УИХ-д хүргүүлнэ. УИХ хэлэлцээд, долоодугаар сарын эхэнд бүх аудитын тайлан эцсийн байдлаар гардаг.

Төрийн аудитын байгууллага 2018 оны санхүүгийн аудитын тайлангаар 3,800 байгууллагад хяналт шалгалт хийсэн байна. Үлдсэн байгууллагуудыг түүвэр шалгалтад хамруулсан. Хөгжлийн банканд хийсэн шиг 291 гүйцэтгэлийн аудит хийсэн. 97 нийцлийн аудит хийгээд байгаа. Төрийн аудитын байгууллагын 300 хүрэхгүй аудитор нийтдээ 4,104 аудит хийлээ. Шалгалтаар 18.8 их наяд төгрөгийн 23,564 алдаа, зөрчил илрүүлсэн.

Үүний 12.2 их наяд төгрөгийг шалгалтын явцад залруулсан. Нягтлан бодох бүртгэлтэй холбоотой маш их алдаа дутагдал байдаг. Өөрөөр хэлбэл, аудиторууд нягтлан бодогчдын буруу зөрүү тайлагнасан алдааг залруулахад маш их цаг алдаж байгаа. 2018 онд олон улсын зөвлөхүүд манайд ирж ажиллаад, төрийн аудитын байгууллагыг олон улсын стандартын хангаж ажиллаж байгааг онцолсон.

Мөн манай аудиторууд нэг хүний хүчин зүйлээс хэтэрхий давсан зүйл хийж байна гэж үзсэн. Тэгэхээр дараа жилээс нягтлан бодогчийн гаргасан бүртгэлийн алдааг залруулахгүй шүү гэдгийг төсвийн захирагч нарт жилийн өмнөөс сануулан хэлж зөвлөсөн. Тэдний алдааг залруулахгүйгээр 18.8 их наяд төгрөгийн алдааг тэр чигээр нь баталгаажуулбал, Монгол Улсад зөрчилгүй дүгнэлт авах байгууллага бараг байхгүй.

Дээрх алдаа, зөрчлийг ангилахад, 37 хувь нь хууль тогтоомж мөрдөж ажиллаагүйтэй холбоотой. Монгол Улсын хэмжээнд аливаа харилцааг зохицуулсан хууль тогтоомж боломжийн түвшинд байна. Гэхдээ хуулиа хэрэгжүүлж ажиллахгүй байгааг энэ статистикаас харж болно. Энэ бол төсөв захирагчдын сахилга хариуцлага сул байгаатай шууд холбоотой. Дараа нь нийт гарч буй зөрчлийн 31.2 хувийг бүртгэлийн алдаа эзэлж байна. Мөн 10.6 хувь гүйцэтгэлийн аудитын гол хяналт болох төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан асуудал байгаа.

-Өмнөх жилийн алдаа, дутагдал буурсан уу. Нөгөө л хариуцлагын асуудал үүгээр хэмжигддэг байх?

-Аудитын байгууллага зөвлөмжийн биелэлтээ шалгадаг болсон. Хуучин бол зөвлөмжийг өгөөд л орхидог байсан үе бий. Төрийн аудитын байгууллагаас сүүлийн хоёр жил улсын хэмжээнд акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг шалгах аян зарлаж байгаа. Газар дээр нь очиж шалгахгүй болохоор цаасаар худлаа юм явуулдаг. Харин газар дээр нь очоод шалгаад ирэхээр улсын хэмжээнд сахилга хариуцлага маш их сайжирч байна.

Нийт зөвлөмжийн биелэлт 81.1 хувьтай гардаг болсон. Анх 30 хувьтай байгууллага ч байсан. Энэ бол сахилга хариуцлагыг сайжруулахад аудитын байгууллагын оруулж буй том хувь нэмэр. Өнгөрсөн оны санхүүгийн аудитаар 57.4 тэрбум төгрөгийн акт тогтоосон. Төрийн аудитын байгууллагын 389 ажилтны нэг жилийн цалин хөлс, үйл ажиллагааны зардал нийлээд 14 тэрбум төгрөг байдаг.

Гэтэл улсын төсөвт төвлөрүүлэхээр тавьсан акт 57 тэрбум төгрөг байна. Аудитын байгууллагын үйл ажиллагааны үр дүнг аудитын үр өгөөж буюу төсвөөс авсан нэг төгрөгөө хэдэн төгрөг болгосноор үнэлж болно. Энэ үзүүлэлтээр хэмжихэд, 2018 онд аудиторууд төсвөөс гаргасан нэг төгрөгөө 72 болгон эргэн төвлөрүүлсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар төсвийн шууд болон ерөнхийлөн захирагч нарын тайлан дууссан. Эдгээрийг Засгийн газрын нэгдсэн тайландаа нэгтгэж танилцуулдаг.

Төсвийн 28 ерөнхийлөн захирагчаас дөрөв нь хязгаарлалттай санал дүгнэлт авсан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан гэсэн дөрвөн төсөв захирагч хязгаарлалттай санал дүгнэлт аваад байгаа. Хоёр сангийн хувьд Капитал банкны мөнгөтэй холбоотойгоор хязгаарлалттай санал дүгнэлт авсан.

Төсвийн 18 төвлөрүүлэн захирагчаас Зэвсэгт хүчний жанжин штаб, Стандарт хэмжил зүйн газар гэсэн хоёр байгууллага хязгаарлалттай санал дүгнэлт авлаа. Мөн төсвийн 132 шууд захирагчаас 118 нь зөрчилгүй, 14 хязгаарлалттай санал дүгнэлт авсан.

-Төрийн нягталж, шалгадаг байгууллагуудад нэг төстэй тал байдаг нь тэдэнд ирдэг дарамт шахалт байх. Энэ байдал аудиторуудыг тойрохгүй биз?

-Хараат бус байдал л даа. Хараат бус байдлаар хангагдах ёстой гэж бичиг цаасан дээр хангалттай буусан. Гэвч Монгол шиг жижиг улсад хараат бус байдлаар бүрэн хангагдана гэдэг боломжгүй. Хамгийн наад зах нь таньдаг хүнээр заавал утасдуулна. Үүнийгээ л больчих хэрэгтэй. Хүнээр утасдуулахаас гадна, дарамтална, загнуулах явдал аудиторуудад сэтгэл зүйн дарамт болдог. Шалгагдагч байгууллага маргаан үүсгэх асуудал байж болно. Тийм зүйлийг нээлттэй хүлээн авч сонсдог.

Тэгээд хоёр талыг байлцуулаад авч үзэхэд, тухайн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл байсан тохиолдолд хэн ч аудиторын хараат бус байдалд нөлөөлөх ёсгүй. Харин хувь хүний хараат бус байдалд халдах тохиолдол зөндөө шүү дээ. Утсаар дарамталдаг, машиных нь дугуйг хагалдаг, доромжилдог гэх мэт асуудлууд байгаа. Байхгүй гэж худлаа хэлж болохгүй. Энэ асуудлыг засаж залруулахад багагүй хугацаа хэрэгтэй байх.

-Төгсгөлд нь асуухад, Үндэсний аудитын газар улс төрийн захиалгатай асуудлыг шалгадаг. Тийм зорилгоор асуудлыг нэг талаас нь танилцуулж байгаа гэх шүүмжлэл явах боллоо. Ер нь аудитын байгууллага улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулж чадаж байна уу?

-Улс төрөөс 100 хувь ангид ажиллаж чаддаг гэж хэлэх боломжгүй шүү дээ. Улс төрийн нам сонгуульд ялалт байгуулахаараа УИХ, Засгийн газрыг бүрдүүлж байгаа. Төсвийн байнгын хороо манай сэдвийг баталдаг. Тэр хүмүүс юу шалга гэж үүрэг өгнө, бид түүнийг л шалгана.

-Хуульдаа бичсэн байдаггүй юм уу?

-Ямар ч хууль зөрчсөн үйл ажиллагаа байхгүй. Харин батлагдаад ирсэн сэдвийг олон талын оролцоотой, үнэн зөв, тэгш мэдээлэлтэй гаргаж ирэх нь аудиторуудаас маш их шалтгаалах асуудал. Хамт олныхоо хийгээд ирсэн ажлыг хянадаг, хариуцлага хүлээж буй албан тушаалтны хувьд би аудиторууддаа 100 хувь итгэнэ. Аливаа сэдвийг танилцуулах, танилцуулахгүй гэдэг асуудал дээр цахимаар нээлттэй мэдээлдэг болсон.

Манай байгууллагын сайт дээр бүх тайлан нээлттэй байгаа. Олон нийтийн хүлээлттэй маргаан дагуулсан сэдвийг ил тод мэдээлдэг. Жишээлбэл, Цэвэр агаар сангийн асуудал байна. Агаарын бохирдлын асуудлаар үндэсний аюулгүй байдлын түвшинд зөвлөмж хүргүүлсэн. Аудитын байгууллагаас цаасан дээр буулгаад өгсөн тайланг уншихгүй байж амаараа ярьсан зүйлийг сайн сонсдог. Тиймээс олон нийтийн зүгээс хүлээлттэй байгаа агаарын бохирдол, АСЕМ мэт асуудлыг ил тод танилцуулсан.

Зураг