Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарын зарим төрлийн урамшууллыг ирэх хичээлийн жилээс олгож эхлэхээр боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монголын багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан Засгийн газраас ээлжит бус хуралдаан зарлаж, зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. 

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, тодорхой шийдвэр гаргалаа. Багш нарын VII Их хурал хуралдсан. Хурлын үеэр болон бэлтгэл ажлын явцад багш нарын зүгээс гарсан саналуудыг нэгтгээд Засгийн газраас шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. 

Энэ хуралдаанаар Багшийн хөгжлийн дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ тогтоолоор багш нарын их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг болохыг Засгийн газраас шийдвэрлэж байна

Мөн багш нарын зүгээс хамгийн их ярьдаг багшийн хичээл практикийн үйл ажиллагаан зардлыг шийдвэрлэхээр болж байна. Хичээл практикийн үйл ажиллагааны зардал өмнө нь олгогдож байгаад хуулийн өөрчлөлтөөр олгогдохоо болиод байсан юм. 

Үйл ажиллагааны зардлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ердийн сургалттай сургуулийн нэмэгдэл урамшууллын асуудал байгаа. Улсын хэмжээнд нэлээд олон ердийн сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа. Тэдгээр багш нарын урамшууллын асуудлыг шийдэхээр болсон

Энэхүү шагнал урамшууллын асуудлыг 2019 оны есдүгээр сарын 1-нээс шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. 

Дараагийн нэг асуудал бол багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нарт үүрэг болгосон. Жилд нэг удаа багш нарыг эрүүл мэндийн багцын үйлчилгээнд хамруулах асуудал ийнхшш шийдэгдэж байна. 

Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна. Дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал орхигдсон байсан. Ялангуяа багш бэлддэг сургуулийн багш нарыг мэргэжил дээшлүүлдэггүй. Тэгэхээр энэ асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр болсон. 

Түүнчлэн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Эдгээр асуудлуудыг Засгийн газраас тогтоол гарган баталлаа” гэв.