“Норвегийн жишгээр баялгийн сан байгуулж, уул уурхайгаас олсон орлогоос иргэддээ өгдөг туршлагыг нэвтрүүлнэ” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьснаас хойш Баялгийн сан шинээр байгуулах гэж буй мэт ойлголт нийгэмд төрүүлээд буй.
Тэгвэл манай улс уур уурхай, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш хүртээх үүднээс яг ийм сангийн тухай хуулийн Ажлын хэсгийг 2011 онд байгуулж, таван жилийн хугацаанд Норвеги тэргүүтэй 30 орноор явж, 49 улсын 78 "Баялгийн сан"-г судалсны үндсэн дээр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард батлуулсан. Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Монгол Улс баялгийн сангаа ийнхүү хэдийнэ байгуулчихсан гэсэн үг. Харин сав хоосон (өртэй) байсан билээ.
Өөрөөр хэлбэл, ирээдүйд үлдэх ёстой байгалийн баялгийг өнөөдөр бид ашигласныхаа төлөө хойч үедээ зориулан Улсын төсвийн орлогын 10 ч хүрэхгүй, энэ жилийн хувьд 6 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг л хуримтлуулж буй явдал юм.
Монгол Улсын Засгийн газрын өр 27 их наяд төгрөг давж, хөрөнгө оруулалт шаардсан төсөл хөтөлбөр шил даран хүлээж буй ийм үед уул уурхайгаас олсон баялгаасаа хуримтлуулж, улс орнуудаас өндөр хүүтэй мөнгө зээлэх нь утгагүй хэрэг хэмээн шүүмжлэх хүн олон бий.
Одоогоос 30 жилийн өмнө яг ийм асуудал Арабчуудад тулгарч байж. Арабын Нэгдсэн Эмират Улс тухайн үед маш их хэмжээний өртэй, иргэд нь ядуу, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр олон байсан ч Баялгийн сангаа зориг гарган байгуулж чадсанаар өнөөгийн түвшинд хүрчээ. Шалтгаан нь, энэ нь эдийн засагт эерэг өөрчлөлт авчирч, ирээдүйд мөнгө нь бэлэн байгаа гэдэг утгаараа зээлжих зэрэглэл сайжирч, хямд өртөгтэй зээл авах нөхцөлийг бүрдүүлэх, олон улсын итгэлийг хүлээх гэгчлэн ач холбогдлоороо өргөн цар хүрээтэй аж.
Нөгөө талаар, байгалийн баялгийн тодорхой хувийг өнөө цагт амьдарч байгаа бид ашиглаж буйн хувьд өөрсдийн үүсгэсэн өр, зээл, санхүүгийн хүндрэлүүдээ өөрсдөө хариуцан шийдэх нь ёс зүйн хувьд шударга. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, УИХ адаглаад алдагдалгүй төсөв баталж, зардлаа танаж, улсын төсвийг үр ашигтай зарцуулах замаар өрөө бууруулж, төслүүдээ санхүүжүүлэх ёстой.
Өнөөдрийн хэлэлцэх сэдэв болоод буй Ирээдүйн өв сангийн тухай хуулиас иргэн таны МЭДЭХ шаардлагатай хуулийн заалтуудыг хүргэж байна.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 5.1-д Сангийн хөрөнгийг удирдахад хараат бус, ил тод байх талаар заасан бөгөөд 6 дугаар зүйлд хэрхэн хараат бус, ил тод, зохистой зарчмаар ажиллах зэргийг нарийвчлан тусгажээ. Үүнд тухайлбал,
Ирээдүйн өв санд хуримтлагдсан мөнгөөр дотоодын бус гадаадын төслүүдийг санхүүжүүлэх бөгөөд цэрэг, зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, тэдгээрийн худалдаа, хуулиар хориглосон бусад үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй гэдгийг тусгайлан хуульчилсан байна. Хуулийн
6.3.7.эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой орчин бүхий зах зээл, улсад хөрөнгө оруулах,
12.1.5.Сангийн хөрөнгийг зөвхөн олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан гадаад улсын нутаг дэвсгэрт арилжаалагдаж байгаа хөрөнгө оруулах хэрэгсэлд байршуулах хэмээн заасан бол
12.1.7.татан төвлөрүүлсэн хөрөнгө нь Монгол Улсад шууд орох, Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн орох урсгалд бүртгэгдэх хөрөнгө оруулах хэрэгсэл болон бусад Монгол Улсад бүртгэлтэй хөрөнгө оруулах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахгүй байх талаар тусгажээ.
Ирээдүйн өв санг бүрдүүлэх эх үүсвэрийг хуулийн 7.1.1-7.1.5-д тусгасан. Үүнд:
2017 онд байгуулагдсан уг санд мөнгө төвлөрсөн ч түүгээр нь “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан их хэмжээний бэлэн мөнгө тараасан өрийг дарж ирсэн байна. Нэг ёсондоо Ирээдүйн өв сан 1.7 их наяд гаруй төгрөгийн өртэйгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж, 2018 онд 620 орчим тэрбум төгрөг хуримтлуулснаар мөн өр даржээ.
Тэгвэл 2019 онд Ирээдүйн өв санд 553 тэрбум төгрөг хуримтлагдах бол ирэх оноос жил бүр нэг их наяд төгрөг төвлөрөхөөр тооцоолсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдээд буй.
Ирээдүйн өв санд энэ оноос мөнгө хуримтлагдах ч түүнд гар дүрэх боломжгүй гэдгийг хуульд тодорхой заасан. Уг хуулийн
9.5-д Сангийн эх үүсвэр, хөрөнгөөс 2030 он хүртэл энэ хуулийн 9.1-д зааснаас бусад хэлбэрээр зарцуулахыг хориглоно,
9.6-д 2030 оноос эхлэн Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ хэмээн тодорхой тусгачихсан.
Түүнчлэн 8.2-т Энэ хуулийн 7.1-т заасан эх үүсвэрийг энэ хуульд зааснаас өөр зорилгоор ашиглах, захиран зарцуулахыг хориглоно гэдгийг ч заажээ.
Хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, яг энд заасны дагуу байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болчихсон байна гэдгийг уг Хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан эдийн засагч Л.Дашдорж онцолж байв.
Ирээдүйн өв сан Засгийн газрын тусгай санд багтаж буй бөгөөд хөрөнгийн удирдлагыг нь хуулийн дагуу байгуулагдах Корпораци хэрэгжүүлнэ. Харин хөрөнгийн удирдлагын бодлого тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Сангийн сайд хэрэгжүүлэхээр зохицуулсан. Тухайлбал, Сангийн сайд УЗ-ийн гишүүдийг сонгох ажлыг зохион байгуудлах, УЗ-ийн гишүүнтэй гэрээ байгуулах, цалин хөлсний хэмжээг тогтоох зэрэг эрхтэй.
Хяналтын зөвлөл мөн багтаж буй. Сангийн УЗ-ийн үйл ажиллагаанд хяналт тавих орон тооны бус таван хүнийг хуульд заасан шаардлагад нийцүүлэн нэр дэвшүүлснийг Сангийн сайд шууд сонгож, таван жилийн гэрээ байгуулахаар хуульчлагдсан. Энэ талаар:
15.5-д Хяналтын зөвлөлийн гишүүнд дараах журмаар сонгогдсон байгууллага тус бүрээс нийт гишүүн, эсхүл нийт ажилтны олонхын санал авсан гурав хүртэлх хүний нэрийг дэвшүүлнэ гэжээ. Тодруулбал,
Сангийн сайд дээр дурдсан байгууллагуудаас нэг төлөөллийг заавал хамруулах талаар 15.7-д заасан. Шаардлагатай гэж үзвэл хуулийн 20 дугаар зүйлд заасанчлан Сангийн сайд нэр дэвшүүлэх хороогоор дамжуулан хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох боломжтой юм байна.
Тодруулбал, Сангийн яам нэр дэвшүүлэх хороонд ажиллах иргэдийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сантай байх нь. Энэ тухай:
Урилгаар жагсаалтыг бүрдүүлэхдээ эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоо, иргэдийн төлөөллийг зохистой хамруулах зарчмыг баримтлах юм байна.
Энэ мэт сангийн үйл ажиллагаа, санхүү, төсөв, тайлан, албан шийдвэрүүд зэргийг ихэвчлэн 10 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлэх ёстойг уг хуулийн 29-р зүйлд тусгасан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!