Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМГЭНЭЛ

ikon.mn
2019 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай дуурийн дуучин, Профессор Хорлоогийн Уртнасан

/1945-2019/

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай дуурийн дуучин, Профессор Х.Уртнасан 2019 оны 02 сарын 02-ны өдөр таалал төгслөө.

Монгол Улсын ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод мэндэлж, Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсөж улмаар 1964-1968 онд УДБТеатрын дэргэд АЖ Г.Хайдавын санаачлага удирдлагаар байгуулагдсан дуурийн студид элсэн суралцаж анхны дээд мэргэжил эзэмшсэн 12 дуучны нэг юм. 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төссөн сонгодог урлагийн нэрт мастер байлаа.

Монгол Улсын Ардын жүжигчин Х.Уртнасан нь 1960 онд УАДБЭЧуулгад дагалдан жүжигчнээс ажлын гараагаа эхэлж 1963-1964 онд УДБЭТ-д дуучин, 1968-1970онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ- т гоцлол дуучнаар ажиллах хугацаандаа УДБЭТ-ын тайзнаа тавигдсан үндэсний болон дэлхийн сонгодог 20 шахам дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.

Түүний театрын тайзнаа бүтээсэн дүрүүд нь дэлхийн хэмжээнд өндрөөр үнэлэгдэж, Москвагийн Их театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Плевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байв.

Монголын театрын тайзнаа Ж.Пуччини “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, “Тоска” дуурийн Тоска, Ж.Верди “Травиата” дуурийн Виолетта, “Отело” дуурийн Дездемон, П.И.Чайковскийн “Евгений Онгегин” дуурийн Татьяна, А.Даргомыжский “Лусын дагина дуурийн Наташа, А.Бородин “Игорь ван” дуурийн Яраславна, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” дуурийн Гэрэлгуа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг гол дүрүүдийг бүтээснээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.

Төрийн шагналт Х.Уртнасан нь Ж.Пуччини “Чио Чио Сан”, Л.Мөрдорж “Хөхөө Намжил”, Б. Ямпилов “Шидэт ваар”, Д.Лувсаншарав “Хархорум”, “Их хааны хотод” зэрэг том хэлбэрийн дууриудыг найруулан тавьжээ.

1994 оноос СУИС, ХБК, МУКонсерваторийн тайзны хөдөлгөөн, уран чадварын багш, дуулах ур зүйн багш, Зөвлөх багш, Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж олон арван шавь, мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байлаа.

Х.Уртнасангийн Монголын болон Европ, Азийн орнуудын дуурийн урлагийн хөгжилд оруулсан гавьяа, үнэтэй хувь нэмэр, хичээл зүтгэл, уран бүтээлийн их амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, 1976 онд Гавьяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цолоор шагнаж, 1984 онд Төрийн шагнал,  2018 онд Монгол Улсын Консеваторийн профессор цол хүртээжээ.

Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай дуурийн дуучин, нэрт сурган хүмүүжүүлэгч, профессор Х.Уртнасан таны авьяас билэг, хөдөлмөрч чанар, дахин давтагдашгүй өвөрмөц хоолой, дуурийн урлагт туурвисан гайхамшигт бүтээлүүд, эелдэг даруу, нөхөрсөг, шудрага, зарчимч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

 

Монгол Улсын Филармони

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.