Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн бэлэг 2,000-35,000 болон түүнээс дээш үнэтэй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярыг угтсан импортын хүнс, барааны үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөж, маргаашаас буюу нэгдүгээр сарын 23-наас үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа үргэлжлэх ажээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд бараа бүтээгдэхүүний зарах сонирхолтой иргэд тус төвийн захиргааны өрөөний үүдэнд урт дараалал үүсгэсэн байв. 

Харин тус төвийн гадна цагаан идээ, ул боов, ууц, өвчүүний худалдаа битүүний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.  

Хамгийн их худалдаалж буй бэлэг 

Өдөр тутамд хэрэглэдэг бүхий л хүнсний зүйлийг үзэсгэлэн худалдаанд дэлгэжээ. Тэр дундаа сар шинийн бэлгэнд түгээмэл өгдөг шоколад, хайрцаг, савтай чихэр төрөл бүрээрээ харагдсан.

Импортын барааны үзэсгэлэн худалдаа гэж онцолсон ч Монголд үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд ч харагдаж байв. Тэдгээрээс “Алтан говь” “Их тайга” зэрэг үндэсний үйлдвэрийн худалдаанд иргэд дараалал үүсгэж байлаа. 

Мөн Орос хатаасан жимс, амттан, хоол амтлагч, ахуйн цэвэрлэгээний бодис зэрэг зүйлүүд түгээмэл худалдаалагдах аж. Түүнчлэн Энэтхэг, Солонгос, Америкт үйлдвэрлэсэн хүнс, бараа ч худалдаалагдаж байв. 

Харин сар шинийн бэлгэнд зориулсан барааны дийлэнх нь урд хөршийнх аж. Усны сав, тэлээ, сэлфиний гар, гоёлын алчуур, ороолт зэрэг 2,000-5,000 төгрөгийн үнэтэй бараа бараг л лангуу болгон дээр өрөгджээ.

Эдгээрээс арай үнэтэй, түгээмэл зарагдаж байгаа нь футболк, төрөл бүрийн шил шаазан аяга, таваг, даавуун цүнх зэрэг аж. 

Харин чамин, гоёмсог хийцтэй монгол хатдын хэвлэмэл зурагтай торгон алчуур, арьсан түрийвч, гоо сайхны цүнх зэрэг эдлэл, арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнүүд 35,000 төгрөөс дээш үнээр худалдаалагдаж байна.