Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгаас Ikon.mn цуврал сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна.
Нутгийн Зүүн, Баруун тайгад нийт 300 орчим цаатан аж төрж, цаан сүргээ адгуулан маллаж явна. Тэдний нэгэн төлөөлөл болох цаатан П.Хадбаатарын урцан гэрт зочлоход биднийг уриалагхан угтан авсан юм.
Тэрбээр отроос ирээд удаагүй байгаагаа хэлж, гэргий Ө.Сайнбаяр зочдодоо цааны сүүтэй цай аягалж өгснөөр ийнхүү яриа өрнөв.
Өрх тусгаарлаж, айл болоод 13 жил өнгөрчээ. Анх хоёр талаасаа арав гаруй цаатай нийлж гэр бүл болсон тухайгаа ярина. Одоо тэдний цаан сүрэг өсөн нэмэгдэж, 60-аад тоо толгой болжээ.
Чоно нохой орохгүй бол цаа аюулгүйг тэрбээр хэлж байв.
Отрын сонин сайхны талаар цаатан П. Хадбаатартай цөөн хором ярилцсанаа сийрүүлэн хүргэвэл...
-Сайн явж ирэв үү. Цаан сүрэг тавлаг идээшиж байна уу, та хэдэн хоног отроор яваад ирсэн бэ?
-15 хоногоор ээлжилдэг. Өчигдөр оторт очиж цаагаа бүртгээд ирлээ. Бүрэн байна. Чоно нохойгүй тайван тогтуун, цас их орж гоё болсон.
Цас орох тусам цаандаа бүр сайн, тарга хүчээ авна гэсэн үг.
-Отроор тантай хамт хэдэн хүн явсан бэ?
-Зургаан хүн явсан. Гурав нь тэндээ үлдэж, цаагаа харж байгаа.
Цаа малаа өглөө болгон бүртгэж харж, идээшлүүлээд л явна. Оторт хэд хэдэн газар жамц давс тавьсан. Цаа буга давс хужирт дуртай амьтан учраас өглөө болгон гүйж ирнэ.
-Та отроос ирэхдээ хэдэн километр замыг туулав. Эндээс хэр хол вэ?
-Цаагаа унаад таван цаг явж ирсэн. Замд оройхон хүйтэн, -40 градус хүрч байх шиг байна.
-Отроор явахдаа урцанд хоноо юу, эсвэл гадаа хонох уу?
-Урц барина. Машин тэрэг хүрэхгүй, ой мод уул сарьдгаар явдаг тул цаагаа унаад малдаа явна.
Цаа их номхон амьтан, элдэв аашгүй. Гэхдээ эврийг нь тайрахгүй бол урт ургана. Хүний нүд ам хатгах гээд байдаг юм. Миний нүдний харалдаа хатгаад сорви тогтсон. Хэт ургавал эврийг нь хөрөөдөөд авчихдаг.
Цааны эвэр жил бүр унаж, дахиад шинээр ургана. Гурван сараас унаж эхлээд шинээр цусан эвэр нь гарна. Зургаа, долоон сар гэхэд цусан эвэр нь бүр урт болчихсон байна.
-Та цааны эврээр гар урлал хийж байна уу?
-Хийнэ. Жуулчид өвөл, зунгүй ирж сонирхдог юм. Цаа, урц хоёр жуулчдын сонирхлыг татдаг бололтой.
-Өвөл урцан гэрт хүйтэн үү, гайгүй юу?
-Орчиндоо сурчихсан байдаг. Отроор -40 градуст явсан ч даарахгүй.
-Жилийн дөрвөн улиралд цаатан хүний амьдрал яаж өрнөдөг нь хотын бидэнд сонин.
-Намартаа аль болох өвс ургамалтай, сайртай газар очно. Өвөлдөө буцаад эндээ ирнэ. Цас ихтэй, сэрүүн тусмаа цаанд сайн.
-Цаа жилд нэг л янзага гаргадаг гэсэн үү. Нялх янзагыг арчилж тойглоход хэцүү юу?
-Үгүй. Өөрөө эхээ хөхөөд бойждог. Чоно орчихгүй бол саадгүй өсөж торниод явна. Халуунд бас тэсвэргүй тул сэрүүн газарт байлгахыг бодно.
Цагаан хөвд, давсанд дуртай амьтан. Тарга тэвээрэг авхуулахын тулд сайн бэлчээрлүүлж, отроор явна. Малаа дагаад л явна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг банди, нэг охинтой. Хичээл нь амарсан 20-нд орно гэв үү. Бүгд гэртээ ирцгээсэн. Зун хичээл нь амрахаар хүүхдүүд ирж, тусална. Цаандаа явна.
-Та хоёр хүүхдээ цаатан болгох уу?
-Өөрсдөө мэдэх байх. Охид яахав хүн дагаад явчихна. Банди маань юу хийх юм бол.
Манай хүүхдүүд Цагааннуурт сурдаг. Нэг нь наймдугаар анги, нөгөөх маань тавдугаар анги. Тэдний маань хамгийн сайхан дурсамж тайгатай холбогдож байна. Хөдөө тайван гоё доо. Байгальтай ойр...
-Хэдэн сард цаагаа сааж, цагаан идээгээ бэлтгэдэг вэ?
-Хавар төллөөд хоёр гурав хоносны дараа сааж эхэлнэ. Цааны сүү их гарахгүй мөртлөө өтгөн. Жаахан сүү хийгээд цай чанахад сүлэг болдгийг нь хүмүүс гайхдаг.
Үхрийн сүүг бараг нэг шанага хийдэг бол цааны сүү багахан цайны халбага байхад болно. Цааны сүү их тослог, сайхан.
-Зундаа цааны сүүгээр ямар ямар цагаан идээ бэлтгэдэг вэ?
-Бяслаг, тараг хийнэ. Цааны тараг өтгөн тослог болно. Сүүг нь гашилгаад уухад яг айраг.
Ийнхүү биднийг хөөрөлдөн суух үед гэрийн эзэгтэй цааны сүүтэй цай аягалж, дөнгөж барьсан талхаараа дайлна. Ө.Сайнбаяр өглөө нар мандахтай зэрэгцэн босож, цасандаа явж унд хоолоо бэлдэнэ, зуухандаа талх барина.
Талх барихдаа зуухан дотроо хөндий хийнэ. Ингэж хийхэд талх амттай болдгийг хэлж зочдоо дайлна.
Цааны сүүтэй цай сүлэг сайхан байлаа. Түүний барьсан талх амттай байсныг хэлэхэд даруухан мишээнэ.
Үргэлжлүүлэн гэрийн эзэгтэй Ө.Сайнбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.
Зун, хаврын улиралд цаатан, малчин хүмүүс хамгийн их ажилтай байдаг. Харин намар, өвөл ажил харьцангуй бага байгааг ярилаа.
Гэхдээ л хөдөөгийн ажил дуусахгүй их...
Цаатан эхнэрийн нэг өдөр хэрхэн өнгөрч байгааг асуухад ийнхүү хариулна.
Гэрийн эзэгтэй Ө.Сайнбаяр "Өвлийн улиралд цасаа хайлж цай ундаа хийнэ.
Цааг таван сар гарахтай зэрэгцэн сааж эхэлдэг. Манайд саалийн 15 цаа байна. Сүүгээр нь ааруул цагаан идээгээ цөм хийнэ, бас зарна. Монгол аялагчид цааны ааруул цагаан идээг их сонирхож авна.
Монгол хүмүүс дотооддоо аялдаг болж, цаатан айлуудаар зочилно. Цаатны амьдрал, цаа бугыг үзэх гээд л ирцгээдэг" гэдгийг ярьж байлаа.
Бидний яриа ч өндөрлөж, тайгын өврөөс цэвэр цас шуудайлахаар хамт гарлаа. Байгалийн үзэмж хөдөө нутгийг чимнэ.
Агаар нь цэвэр тунгалаг, цас нь цав цагаанаараа, хүн ард нь эелдэг уриалагхан юм аа.
Гэрэл зургийг MPA агентлаг