Нүүдлийн соёл иргэншлийн тод илэрхийлэл ЦААТНЫ отгоос Ikon.mn энэ удаагийн ярилцлагаа хүргэхээр бэлтгэлээ.
Улаанбаатар хотоос даруй 1,000 гаруй километрт, Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумаас холгүйхэн орших хөвч тайгад цаатан буурай Д.Өвөгдорж гуайнх бий.
Тэрбээр амьдралынхаа 70 гаруй жил цаан сүргээ маллаж, өөрийн сурч мэдсэн арга ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүлэн сургамжилж буй цаатан.
Бидний зорьж очсон Зүүн тайгын иргэдээс хамгийн ахмад нь Д.Өвөгдорж гуай байлаа. Залуу насандаа отор нүүдлээр их явж, цаан сүрэг хаана идээшилнэ тэр зүг рүү нүүдэллэдэг байснаа дурсана.
Цаа идүүрээ өөрөө олж иддэг амьтан тул таван хошуу малтай ижил өвс тэжээл тавьж өгнө гэсэн ойлголт байдаггүйг хэлж байлаа. Тиймээс ч цаатнууд өвлийн улиралд ээлжлэн отроор явж, цаан сүргээ маллана.
Зураг 1: Тайгын иргэдийн товч мэдээ
Өмнө нь цаатан иргэдийн тухай сонсож байснаас ид өрнүүн амьдрал дунд нь орох тохиол тэр бүр гараагүй билээ.
Харин энэ удаагийн сурвалжилгаар уншигч Та бүхэнд цаатнуудын ахуй соёл, амьдралын хэв маяг, тэдний үзэл бодлыг хүргэхээр зорьсон нь энэ юм.
Ярилцсан: П.Сайнжаргал
Гэрэл зургийг: Byamba-Ochir Byambaa
Гэрэл зургийг Хөвсгөл аймаг Цагаан нуур сумын Зүүн тайгын отгоос авав.
Бидний хүсэлтийг татгалзалгүй зөвшөөрсөн цаатан Д.Өвөгдорж гуайн ярилцлагыг хүргэж байна.
-Өвөлжөө тавлаг сайхан байна уу. Ярилцлагын хүсэлтийг маань цааргалалгүй хүлээн авсанд баярлалаа. Та уншигч олонд өөрийгөө танилцуулна уу?
-Би Зүүн тайгын цаатан Д.Өвөгдорж гэж хүн байна.
Цөөнх цаатан хүмүүс Баруун, Зүүн тайгын энэ нутаг орондоо амьдардаг юмаа.
-Цаа маллах арга ухааныг Та аав, ээжээсээ суралцсан уу. Удмын цаатан хүмүүс байв уу?
-Дээр үед хил хязгаар гэж тогтоогүй байх үед буурлууд маань Монгол, Тувагийн хооронд нутаглаж явсан.
Хил хязгаар татахтай зэрэгцэн ихэнх нь цааш нутаг руугаа буцаж, Монголд цөөн хүний үр сад амьдарч үлдсэн. Уламжлалаа таслалгүй цаан сүргээ маллаж, Зүүн тайгадаа урцан гэрт амьдарч ирсэн түүхтэй.
Уул тайгадаа 400 жилийн өмнөөс цаа малтайгаа амьдарсан хүмүүс.
Хэл соёлоо хадгалж, цаа малаа үгүй хийлгүй яваарай гэх өвгөдийн захиасыг дагаж явна. Төдийгөөс өдий хүртэл ийнхүү цаан сүргээ өсгөн үржүүлж, идээшүүлэн дасгаж, оторлон нүүдэллэж байна.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Тэд бүгд тайгадаа амьдарч байгаа юу, эсвэл хот суурин нүүсэн үү?
-Гурвуулаа цаа малладаг. Би нас өндөр хүн, нэг л өдөр хорвоогийн жам дагна.
Үлдсэн үр хүүхдүүд минь цаагаа үргэлжлүүлэн авч явах байх. Би захиас хэд гурван үгээ бас хэлж л суудаг.
-Цаа маллах нь таван хошуу мал хариулахтай адил байх уу, онцлог нь юунд оршиж байна вэ? Жилийн дөрвөн улиралдаа цааг ямар арга ухаанаар маллаж, тарга тэвээрэг авхуулдаг юм бол?
-Отор нүүдэл хийж, олон газраар нутаг сэлгэн явах нь хамгийн тохиромжтой.
Гэхдээ орчин цагт тусгай хамгаалалтын бүс гэгчийг тогтоосон болохоор хүссэн газартаа хүрч чадахгүй, хэсэгхэн тэр хавьдаа эргэлдээд байгаа. Энэ нь цааны маллагаа талдаа хэцүү болчихлоо. Урьд нь чөлөөтэй сайхан байсан.
Сүүлийн жилүүдэд чоно их өсөж байна. Цаатан, малчин хүмүүсээс шууд булааж авч байна шүү дээ. Чоно бол цааны бас нэг дайсан нь байна.
Цаа хариулж яваад өдөр ч булаалгаж л байсан. Над руу чоно дайрч л байлаа. Хэт өсөхтэй зэрэг бүр хүн рүү ч дайрч байна. Урьд нь тэгж дайрдаггүй байсан. Бэлчээрлэж яваа үхэр, хонь, цаанд манай энд үнэн хэцүүдэлтэй.
-Мануухай тавьсан ч нэмэргүй юу?
-Бүр тоохгүй. Өдөр сүрэг рүү дайрч, хүнээс булааж авч байгаа амьтанд “мануухай” бол юу ч биш.
Хотонд уясан байсан цааг хүртэл авчихдаг. Хүн дайснаас хамгаалж ан гөрөө хийчихнэ гэж хууль цаазаа гаргаад байдаг. Чонод бол хууль гэж байхгүй ээ.
Амьдарч ядаж яваа малчдад бол эсрэг дайсан гаргаж байгаа нийгэм юмаа. Үүнийг бодлогоор зохицуулахгүй бол болохгүй нь ээ гэж бодож явдаг.
-Сүүлийн үед Зүүн тайгад цааны тоо толгой хэр өсөж байна вэ?
-Манай Зүүн тайгад 800 гаруй цаа байна. Харин 1,000 гаруй цаа Баруун тайгад бий.
Цаа буга хөвд гэж ургамлаар хооллодог. Ямар ч их цасыг малтаад идчихдэг амьтан. Өвс тэжээл гэлтгүй идүүрээ өөрөө олоод идчихдэг. Уул сарьдаг бүх газраас л бэдэрч хайж явна.
Хөвд удаан ургана. Бараг 10 жилээс цааш нөхөн сэргэдэг ийм ургамлаар хооллодог амьтан. Тийм учраас тусгай хамгаалалт гэдэг их төвөгтэй. Гэхдээ ажил бол аргагүй.
Нөгөө талдаа бидэнд нутаг хавчигдмал болчихсон. Цаа, цаатан хоёр хуульд захирагдана. Түүнийг зөрчвөл ялд явж мэднэ, торгууль ч тавина.
Адгуус амьтан хавчигдмал идэш тэжээлтэй болчихоор заримдаа янз янз юм бодогдоно.
Цаа, цаатан хоёр байх юм уу гэдэг талдаа л орж байна даа ер нь.
Нэг талаар залуус төв суурин ажил төрөлтэй газар явж байсан ч болох юм байна гэж ухаан төрөөд байгаа.
-Одоо цаатнууд дундаас хот хүрээ орно, нүүнэ гэсэн хүүхдүүд байна уу?
-Байлгүй яах вэ. Эмэгтэй ганц нэг хүүхэд сургуульд сурч, найз нөхөдтэй болж, ажил төрөл хийгээд хотод суурьшихыг бодож байна.
Залуучууд тайгаа хаяад явчихаар цаа маллах, цаагаа авч явах хүмүүс л цөөрөхийн шинж.
-Та залуу цаатнуудад юуг захиж, сургамжилж байна вэ?
-Одоо үеийн залуус өөрийнхөө толгойг өөрөө мэддэг болсон байна. Хөгшин хүн мянга хэлээд үг авахгүй нийгэм.
Мянган сургуульд явж ирсэн ч нутгаа мартаж, цаагаа хаяж болохгүй гэж хойч ирээдүйн залуустаа хэлмээр байна. Та нар байхгүй бол цаа мөн л ялгаагүй байхгүй. Ухаанаа л ажиллуулах хэрэгтэй гэж...
-Хэзээ хамгийн сүүлд Улаанбаатар хот орсон бэ. Хөдөө нутгаас тэс ондоо орчин хүлээж байсан уу?
-Хоёр жилийн өмнө хот орж долоо хоносон. Хэцүү байсан.
Зам дээр гараад явахаар хүрэх гэсэн газар очуулахгүй "өнжих" юм байна лээ шүү дээ. Ойр байсан бол явган яваад эргээд ирнэ. Хол газар байхаар түгжрэлд зогсон өнжих болдог юм байна.
Улаанбаатарт байшинд байхад бачимдаж байсан. Нэг байшингаас гарахгүй. Цонхоо онгойлгоё гэхээр их онгойлгохгүй юмаа. Багахан л онгойлгох юм.
Хотын утаа чинь дүүрч байна. Тэгэхээс ч аргагүй юм.
-Хотоос нутаг руугаа буцахын түүс болов уу?
-Тэгсэн. Нутагтаа ирээд цэвэр агаагаар цээж дүүрэн амьсгалахад сайхан болчихдог юм билээ. Эрдэнэтээс эхлээд л дотор онгойсон.
Цэвэр газар явсан хүн Улаанбаатар ороод дороо цээжний ханиад авах юм билээ. Хотод очиж ханиад хүрээд цэрээ хаясан чинь хав хар. Тэр их утаа уушги руу л орж байгаа шүү дээ.
Хотынхон яаж ийм газарт амьдарч байна. Хүүхэд шуухад гэлтгүй бүгд өвчтэй явдаг байхдаа гэж бодогдсон.
Хотод өсөж төрсөн та нар мэдэхгүй шүү дээ. Надад тэгж мэдрэгдсэн. Орчиндоо дасах нь ч даслаа. Гэхдээ ямарваа нэгэн өвчин тэр хүнд далдуур байх л юм байна гэж бодсон.
Залуу насанд мэдэгдэхгүй ч нас яваад ирэхээр бүх юмны учир мэдрэгдээд ирнэ.
-Хотын утаанд хордсон нь таны биед тэгж илэрчээ.
-Хамгийн гол нь хүн эрүүл л явах хэрэгтэй гэдэг үзэл баримтлал, бодолтой хүн.
Жаргалыг хүсвэл эрүүлийг хүс гэдэг. Эд баялаг мянга байвч өвчин зовлонтой бол хэцүү. Эрүүл л амьдрах хэрэгтэй. Байгальд ойр, цэвэр агаарт, цэнгэг усыг хүртэж амьдарна гэдэг хүнийг анагаах увдистай шүү дээ хүү минь.
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаатнуудад хэр ирж байна. Өвдлөө гэхэд эмч, түргэн тусламж хурдан шуурхай ирж байна уу?
-Цагаан нуур суманд багийн эмч бий. Эмчээ дуудна. Гэлээ ч бүр хол отроор явбал бидэнд эмнэлгийн тусламж ирэхэд хэцүү.
-Таньд өвчин хууч бий юу?
-Байгаа байгаа. Цаатнууд даралт өндөртэй хүмүүс. Улам ч залуужиж байна.
Дан өндөрлөг газар байдаг учраас тэр байх. Өндөрлөг газарт байсан хүн заавал даралт өндөр, нам дор газрын хүн даралт багатай.
-Урин дулаан улирал ирэхэд цаанаас сүү арвин гарах уу? Ааруул, цагаан идээ хийх бололцоо хэр их байдаг вэ?
-Цааны сүү чанартай, маш өтгөн. Цайны аягаар дүүрэх дүүрэхгүй, нэг цаанаас 200 грамм хүрэхтэй үгүйтэй сүү гардаг.
Өөрсдийнхөө хэрэглээнд хүргэчихдэг.
Цаа тавдугаар сарын эхээр зургаадугаар сарын 10-д хооронд төллөж дуусдаг амьтан. Тэр бүр ихэрлэж төллөхгүй, нэг янзага гаргана.
-Энэ өвөл хэдэн хүн цаагаа маллаад отроор явж байна вэ?
-Цаандаа дандаа залуучууд явсан байна. Хоёр хэсэг гарч, 3-4 хүн цаан дээрээ байна.
Өвөл отроор яваад зун, хавар бол өөрийн гарт байна. Өвөл гурван сарыг дуустал оторлодог.
Зуслан, намаржаа, хаваржаа гээд нүүнэ. Зун болоход сэрүүн сарьдаг газар очиж зусдаг. Цаа нь халуунд ялаа шумуул ихтэй газарт муу амьтан учир заавал сэрүүн өндөрлөг газар амьдарна.
-Хөвч тайгадаа амьдраад цаа маллах арга ухаанаа өвлөн тээж байхын сайхан нь юу вэ?
-Залуу насаа ч ялгаагүй тайгад өнгөрүүллээ.
Энэ сайхан хангайдаа, үзэсгэлэнт байгальдаа, өсөж өндийсөн нутагтаа цаагаа хариулж, эхнэртэйгээ ханилаад айл болж багачуул хүүхдээ том болгон тусад нь гаргалаа. Цаа малаа тасалсангүй.
Амьд явсны гавьяа юм уу гэж өөртөө дүгнэлт хийдэг.
-Цаатнуудын ахуй амьдрал, үзэл бодлыг сонсохоор хотоос албаны хүмүүс ирж байна уу?
-Өмнө нь ерөнхийлөгч асан Н.Багабанди ирж байсан үе бий. Нэг цаг хэртэй болоод нисдэг тэргээр яваад өгсөн. Түүний дараа ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мөсний баяраар Хатгалд ирэхэд цөөн хэдэн цаагаа машинаар ачиж аваад уулзаж байлаа.
Тэрнээс хэдэн жилийн дараа ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж сонгогдсон. Манай энэ Зүүн тайгад ирж, цаатан ардад бас их нөмөр нөлөө үзүүлсэн хүн гэж санадаг. Яг манайд хоноод явсан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130,000 төгрөгийг цаатнуудад өгдөг болсон.
-Та тэтгэмжээ сар бүр авч байна уу?
-Есөн сараас хойш буухгүй байна гэж улс ярьдаг. Сум орсон хүнээс асууна.
-Цааны эвэр жил болгон унадаг гэсэн үү. Цаатан хүмүүс эврээр нь гар урлал хийж жуулчдад зардаг юм байна?
-Аялал жуулчлал хөгжөөд залуучууд зундаа гадаад хүмүүс ирэхээр хэд арван төгрөгт өгөхөөр амьдралд нь хэрэг болох л юм байна.
Эхлээд л аялагчид ирэхэд төвөгтэй юм шиг санагддаг байсан. Сүүлдээ хүн чинь орчиндоо амархан дасаж, аль болох хүн ирж байвал л сайн юм шиг. Хүмүүстэй мар мар ярих нь зүгээр ч юм шиг.
-Одоо цаа бугаа хамаагүй гаргаж идэж болохоор байна уу. Өсгөж үржүүлэх талаас адгуулж хариулж байна уу?
-Гаргаж идэхээс өөр арга байхгүй болно. Мах шөл дуусахтай зэрэг өөртөө байгаа юмаа л иднэ, өөр яалтай.
-Та боловсролыг яаж эзэмшив?
-Багадаа сумын төвийн сургуульдаа наймдугаар анги төгссөн. Анх хэл мэдэхгүй л сургуульд очиж байлаа. Монгол хэлийг дорхноо 7-10 хоногийн дотор сурчхаж байгаа юм чинь. Орчиндоо хурдан сурдаг юм билээ.
Зуны амралтаар аав, ээждээ очих гэж яарна. Цаагаа маллахыг ч хүснэ, тайга руугаа тэмүүлнэ.
-Бидний ярилцлагыг шимтэн уншиж буй уншигчдадаа хандаж сэтгэгдлээ хэлбэл?
-Өөрийн үзэл бодол, өөрийнхөө жирийн яриагаа ярилаа. Үүнийг ухаантай хүмүүс ч харна. Түүнийг минь зөвөөр ойлгоорой, залруулан уншаарай, хараарай гэж хэлье.
-Цаа маллах арга ухаанаа уламжлан тээж яваа таны амьдралд эрүүл энх, аз жаргал хүсье.
Үргэлжлэл бий...