УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг аппликэйшний зээл болон бооцооны сайттай холбоотой асуудлыг хөндлөө.
Тэрбээр “СЗХ-ны даргаар томилогдож байгаа Т.Жамбаажамцыг хоёр асуудалд анхаарч ажиллаасай гэж хэлмээр байна.
Нэгдүгээрт, аппликэйшний зээл. Энэ бол боловсон мөнгө хүүлэлтийн арга. Аппликэйшний зээлгүй хүн алга, сард 4-5 хувийн хүү төлдөг. Хүүг нь төлж чадахгүй болохоороо дараагийн аппликэйшн рүү ордог. Зөв зохицуулалтгүй учраас иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна. Үүнийг цэгцлэхэд анхаараарай.
Хоёрдугаарт, цахим бооцоот тоглоомын асуудал. Спортын бооцоо явуулдаг 1xbet гэдэг компани ороод ирчихсэн. Энэ компани нь Кипр улсад бүртгэлтэй, ер нь Орост байдаг компани. Англид хууль бус сурталчилгаа явуулдаг, порнографыг дэмждэг гээд хоригт орчихсон, Нидерланд улсад дампуурлаа зарлачихсан компани. Манай улсаас хамгийн их ашгаа олдог юм шиг байна билээ. Хүмүүс нь ирээд ийм эдийн засагтай улсаас жилдээ тэрбумаар тоологдох ашиг олсондоо гайхсан гэсэн.
Үүнд ямар ч зохицуулалт алга. Цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг энэ компани Монгол залуусын ирээдүйгээр тоглоод дуусаж байна. Бид харсаар байгаа хэр нь ямар нэг зохицуулалт хийхгүй алдаж байна.
Хууль зүйн яам болон Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудал дээр шуурхай арга хэмжээ авах шаардлагатай" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!