Нийслэлийн удирдлагууд авто замын түгжрэлийг бууруулах шийдэл бол их багтаамжтай нийтийн тээврийн хэрэгсэл хэмээн үзэж, хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх тухайгаа зарлаад буй.
Үүнтэй холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, 2025 онд хэрэгжих төслүүдийн талаарх нэгдсэн ойлголт мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн бууруулахаар одоогоор нийт зургаан төсөл хэрэгжиж байгаа аж.
Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний баг сонгогдсоноос хойш ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн байна. Тус шинэчлэлээр ямар өөрчлөлтүүд орсон талаар тухайн нэгжээс мэдээлэл өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН-ийн захирал У.Баатар "2024 оны долдугаар сард БНСУ-ын “Духуа инженеринг” ХК-тай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Ийнхүү Улаанбаатар метро төсөлд шаардлагатай зургаан судалгааг хийсний дараа 2024-2030 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулахаар болсон.
Метроны төслийн түншлэлийг “Духуа инженеринг” компани тэргүүлж байгаа бол “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтсан. Зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр инженерийн зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч Япон Улсын “Ниппон Коей” компани ажиллаж байна.
Тус зөвлөх үйлчилгээний баг шугамын нийт урт 17.7 км байсныг 19 км байхаар ТЭЗҮ-ийг шинэчилсэн. Анх Жайкагийн 2013 оны ТЭЗҮ дээр хотын төв хэсэгт газар доогуур буюу далд, хотын баруун, зүүн хэсэгт ил гэх төлөвлөлттэй байсан.
Метроны шугамыг газар доогуур явуулахад өртөг өндөртэй ч, давуу талууд бий. Жайкагийн анхны төлөвлөлт нь хотын төв хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй газруудад далд, хөдөлгөөний эрчим бага, сийрэг газруудад газрын дээгүүр, гүүрэн байгууламжаар анх төлөвлөж байсан.
Харин зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” ХК-ийн мэргэжилтнүүдийн зүгээс 11 жилийн өмнөхөөс Улаанбаатар хотын төлөв байдал эрс ондоо болсон байна гэж үзсэн.
Метроны шугамыг ил барихаар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх, нөгөөтэйгүүр маш том гүүрэн байгууламж баригдах учраас одоо ашиглаж байгаа авто замуудын зорчих хэсгийн эгнээ цөөрөх, дулааны болон цэвэр усны шугам зэрэг инженерийн шугам сүлжээнүүдийг нүүлгэн шилжүүлэх зардлууд их гарахаар байсан. Түүнтэй холбоотой төслийн хэрэгжих хугацаа уртсах эрсдэл харагдаж байгаа учраас 100 хувь газар доогуур болгон төлөвлөж байгаа.
Метроны депог Улиастайн эцэст байршуулна. 15 байршилд өртөө байгуулах бөгөөд Улиастайн эцэст нэг өртөөг нэмж байрлуулах юм.
Метроны төсөлд ажиллах хүчний асуудал тулгамдаж байна. Бидний хийсэн судалгаагаар олон улсад метроны чиглэлээр мэргэшсэн 10 монгол залуу бий. Эхнээс нь урилга өгч, төсөлдөө ажиллахаар дуудаж байгаа.
Процесс ямар нэгэн байдлаар саадгүй явбал энэ оны есдүгээр сард барилга угсралтын ажил эхлүүлнэ. ТЭЗҮ-ийн бүлэг ажил одоогоор 90 хувьтай үргэлжилж байгаа" хэмээн метроны төслийн талаар танилцуулав.
Улаанбаатар хотод метротой болох асуудлыг 2023 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байсан.
Энэ талаар тухайн үеийн Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан танилцуулахдаа "Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур метроны 22.3 километр зам барих ажлыг эхлүүлнэ.
2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийнэ. 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ. 2028 онд метротой болохоор төлөвлөсөн" хэмээн мэдээлж байлаа.
Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км шугамын урттай метрог 2028 онд ашиглалтад оруулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар амлаж байсан.
Улмаар орон нутгийн сонгуулийн дараа хотын даргаар дахин сонгогдож, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө 2024 оны арваннэгдүгээр сард танилцуулж байв. Энэ үеэр Амгалангаас Толгойт хүртэл нийт 17 км шугамын урттай, 14 өртөөтэй метрог 2030 онд ашиглалтад оруулна хэмээн мэдээлсэн.
Тэгвэл одоо нийслэлчүүдийн метронд суух мөрөөдөл хоёр жилээр хойшилж, Толгойт-Улиастай хүртэл 19 км шугамын урттай, 15 өртөөтэй метрог 2030 онд ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг дахин өөрчилжээ.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар хэрэгжүүлж буй таван төслийн талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН-ийн захирал У.Баатарын танилцуулсан мэдээллийг багцлан хүргэж байна.
Харин туул голын хурдны замын тухайд: Баянзүрхийн товчоог 22-ын товчоотой шууд холбосон 33 км урттай зургаан эгнээ замын барилга угсралтын ажлыг энэ улиралд багтаан эхлүүлэх аж.
24 сарын дотор ашиглалтад оруулах үүрэгтэй энэхүү хурдны замын зураг төсөв нь шийдэгдсэн. Инженерийн шийдлээр Зайсан орчимд өөрчлөлт орохоор яригдаж байгаа. Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг шууд авч чадах ач холбогдолтой төсөл юм.
Шинэ тойрог замын тухайд: Хөгжиж буй хотууд тойрог замтай байдаг. Манай хот Их болон Бага гэсэн хоёр тойрог замтай. Гэхдээ одоо бол түгжрэл үүсгэж буй гол эх үүсвэр нь Их болон Бага тойруу болсон. Тиймээс 23 км-ийн урттай тойрог замыг бий болгоно. Их тойруугийн зарим уулзваруудыг шинэчилнэ.
Дүүжин тээврийн тухайд: Энэ төслийг 2018 оноос хойш ярьж эхэлсэн. Хамгийн чухал нь аюулгүй байдал юм. Дүүжин тээврийн тоног төхөөрөмж, эд ангиуд Франц улсад үйлдвэрлэгдэж байгаа. Наашаа ачигдахаар шалгагдаж байгаа, энэ хавраас барилга угсралтын ажил эхэлнэ.
Нэлээд удааширсан ажил учраас энэ оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлж, 12 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Гэхдээ бидний мэдэхгүй шинэ технологи орж ирсэн учраас Францын гүйцэтгэгч компанийг дагах ёстой. 4.2 км урттай бөгөөд Хархорин-Яармаг чиглэлд 11 минут зорчино. Бүх бүхээг нь суудлаасаа халдаг, 10 хүний суудалтай. Цахилгааны хэрэглээ өндөр учраас тог тасрах үед аваарын тээвэр нь ажиллаж эхэлнэ.
Тусгай замын автобус BRT-ийн тухайд: Үүнийг энгийнээр тайлбарлавал нэгдүгээр эгнээний автобус юм. BRT буюу тусгай замын автобусны хоёр шугамыг хийж гүйцэтгэнэ. Үүний нэг шугам нь Буянт-Ухаа орчмоос Яармагийн замаар яваад гүүрээр гараад 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс буцаж эргээд явдаг байхаар төлөвлөлт хийгдсэн.
Энхтайваны гүүрний зорчих хэсэг нь хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй учир нарийн зам дээр тусгай замын автобус яваад эхэлбэл түгжрэл бүр дийлдэхээ болино. Иймээс Энхтайваны гүүрийг өргөтгөж Тэмээтэй хөшөөнөөс талбай хүртэлх замыг бүхэлд нь зургаа эгнээ болгох зураг төслийн тендерийг зарлахаар төлөвлөж байна.
Энэ төслийг Азийн Хөгжлийн банкны санхүүжүүлэлтээр хэрэгжүүлж байгаа. Манай төслийн зүгээс захиалагчийн хяналт тавих үүрэгтэй оролцоно. төслийн гүйцэтгэгчийг Азийн Хөгжлийн банк сонгон шалгаруулж явуулна.
Хөнгөн галт тэрэг буюу "Трамбай" тухайд: Хөнгөн галт тэрэг, LRT, трамвай нь нэг нэр томьёо бөгөөд трамбайны урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг хийж байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ.
Уг шугамын чиглэлийг Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл явдаг байхаар төлөвлөсөн. Трамвайг хийж хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулах бөгөөд метроны төсөвт өртгөөс 10 дахин бага. Түүнчлэн төв талбай дээр метро, BRT, трамбайны бүх уулзах цэгүүдийг хийхээр төлөвлөж байгаа юм.