Энэтхэгийн сансар судлалын агентлаг Isro анх удаа сансрын уудамд хоёр хөлгийг хооронд нь амжилттай залгаж чаджээ.
Дэлхийд зөвхөн АНУ, Орос, Хятад улсууд ийм технологийг эзэмшсэн байдаг бөгөөд Энэтхэг улс дөрөв дэх нь болж байна.
Ингэснээр тус улсын сансрын технологийн хөгжилд нэг том ахиц дэвшил гарч байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өмнөд Энэтхэгийн Срихарикота сансрын буудлаас хоёр жижиг хөлгийг нэг пуужинд тээвэрлэн хөөргөж байв.
Тэд дэлхийн тойрог замд хүрснийхээ дараа салсан юм.
Хоёр хөлгийг хооронд нь залгах ажиллагаа нэгдүгээр сарын 7-нд төлөвлөгдсөн ч хэд хэдэн удаа хойшилж байжээ.
Харин өчигдөр буюу Пүрэв гарагийн өглөө ажиллагаа амжилттай хэрэгжсэн байна.
Хөлгүүдийг залгах үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уг үйл явдлыг ажиглахаар Бангалор хот дахь Isra байгууллагын төв байранд ирээд байжээ.
SpaDeX (Space Docking Experiment) нэртэй сансрын нислэгийн хүрээнд SDX01 буюу Chaser, SDX02 буюу Target нэртэй хоёр хөлгийг хөөргөсөн юм.
Тус бүр 220 кг жинтэй хоёр хөлөг хөөрсөн цагаасаа хойш дэлхийн тойрог замд тогтсон хурдаар аялж байжээ.
Тэд нэг пуужинд тээвэрлэгдэн хөөрсөн ч тойрог замд хүрснийхээ дараа салж, хоорондоо 10-20 км зайд холдохын тулд өөр өөр хурдаар аялж эхэлсэн юм байна.
Улмаар хөлгүүдийг ойртуулсаар өнгөрсөн Ням гарагт эхлээд 15 метр, дараа нь 3 метр хүртэл зайд ойртуулж чаджээ.
Ингээд маш нарийн тооцооллын дагуу өчигдөр өглөө хоёр хөлгийг хооронд нь залгасан байна.
Залгагдсан хөлгүүдийг битүүмжилснээр хооронд нь материал болон сансрын нисэгч дамжих боломжтой болгожээ.
Ирэх хоёроос гурван өдрийн дотор Chaser хөлгөөс Target хөлөгт цахилгаан эрчим хүч дамжуулах туршилтыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.
Дараа нь хөлгүүдийг буцаан салгах туршилтыг гүйцэтгэх ажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!