Уншиж байна ...

ҮСХ: Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл долоон их наяд төгрөг болжээ

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр албан байгууллага болон иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн өнгөрсөн оны мэдээллийг хүргэсэн юм. 



Нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны арванхоёрдугаар сарын эцэст 37 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.7 их наядаар буюу 35 хувь өссөн байна.

Уг өсөлтөд

  • Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл долоон их наяд төгрөг буюу 45 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
  • Хувийн байгууллагын зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр өссөн байна.

Зээлийн өрийн үлдэгдлийн 61 хувь нь иргэдийнх, 37 хувь нь хувийн байгууллага, 1.2 хувь нь төрийн байгууллага, 1.2 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагын зээл байгааг мэдээллээ. 

Зээлийн өрийн үлдэгдлийн 91.5 хувь нь хэвийн зээл байсан бол 3.5 хувийг анхаарал хандуулах зээл, 5.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлжээ. 

Чанаргүй зээл дотроо

  • Хувийн салбарынх 1.3 их наяд төгрөг буюу 68.1 хувь
  • Иргэдийн зээл 588.3 тэрбум төгрөг буюу 31.4 хувийг эзэлж байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 33.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 их наяд төгрөгөөр буюу 41 хувиар өссөн.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6.3 тэрбум төгрөгөөр буюу 0.5 хувиар өсжээ.

Харин чанаргүй зээл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

зураг
 
Эх сурвалж: ҮСХ