Уншиж байна ...

Лурон Сэн Мартайн: Энэхүү гэрээ нь эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно

А.Ням-Өлзий, iKon.mn
6 цаг 3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн үг хэлэв. Түүний хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэрбээр "Миний хувьд томилогдсоноосоо хойш анх удаа гадаадад хийж буй аяллаараа Та бүхэнтэй уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг байна. Гарч буй энэ жил Монгол Улсын хувьд ч, Франц Улсын хувьд ч, манай хоёр улсыг холбож буй энэ сайхан харилцааны хувьд ч маш эерэг нөхцөл байдалд эхэлж байна. Энэ 2025 он бол бидний хамтын амжилт, бахархлын жил байх болно гэж бодож байна.

2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн.

Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна. 

Энэхүү хэлэлцээрийн цар хүрээ төдийгүй манай хоёр улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой учраас түүхэн гэж байгаа юм.

Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ.

Энэхүү гэрээ нь манай эрчим хүчний хангамжийг баталгаажуулснаар Францын тусгаар тогтнолд хувь нэмэр оруулах болно.

Манай хоёр улсын харилцаа ямар гүнзгий түвшинд очиж байгааг харуулах өөр нотолгоо хэрэггүй биз ээ.

Бидний харилцаа холбоо нь дан ганц ашиг сонирхол биш гэдэг нь харагдаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар сорилтуудыг даван туулах ёстой вэ гэдгийг нэгдмэл байдлаар ойлгож байна гэдэгт би итгэлтэй байна. Бид тогтвортой, нүүрстөрөгчгүй шийдлүүдийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, хамтын ажиллагаагаа төрөлжүүлэх, хараат байдлаа хамтран бууруулах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй юм. Бид цаашид бүх төрлийн харилцаагаа гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, харилцан ашигтай байдлаар хоёр ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолынхоо төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй юм.

Дэлхий дээрх өрсөлдөөн их ширүүн болжээ. Бидэнд хүчтэй түншүүд хэрэгтэй.

Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно.

Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх танай хүлээлтэд нийцэх болно.

Ноён Ерөнхий сайд аа,

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга аа,

Энэ гэрээ амжилттай боллоо. Энэ гэрээ нь мөн ирээдүйн төлөөх амлалт юм. Манай худалдааны эргэлт 10 жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, бидний хамтын ажиллагаа чухал салбарууд руу хүрээгээ тэлэх болно. Ирэх жилүүдэд бид илүү их амжилт гаргах болно. Бидэнд ийм хүч чадал, хүсэл эрмэлзэл бий. Төслийг амжилттай дуусгахад итгэл үзүүлж, шийдвэртэйгээр дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд баярлалаа. Бид энэ түншлэлээ улам бүр баяжуулан тэтгэнэ гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно" гэв.