Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын бас нэг компани болох Blue Origin өчигдөр өглөө “New Glenn” нэртэй аварга том пуужингаа анх удаа сансарт хөөргөж чаджээ.
Ингэснээр тус компани тэрбумтан Илон Маскийн SpaceX компанитай сансрын аяллын салбарт өрсөлдөх боломжтой болж байна.
30 давхар байшингийн өндөртэй, дахин ашиглагдах нэгдүгээр шатны хурдасгууртай “New Glenn” пуужин өчигдөр өглөө эрт Флорида мужийн Канавералын хошуунд байрлах Blue Origin компанийн сансрын буудлаас хөөрсөн юм.
Энэ долоо хоногт гүйцэтгэсэн хоёр дахь оролдлогоороо ийнхүү амжилттай хөөрсөн байна.
“Бид хамгийн чухал, хамгийн том зорилгодоо хүрч, дэлхийн тойрог замд амжилттай хүрч чадлаа. Бид бүгдээрээ үүнийг эхний алхмаараа хийж чадлаа” гэж Blue Origin компанийн дэд ерөнхийлөгч Ариан Корнелл зарлажээ.
Гэхдээ пуужин сансрын уудамд хүрч чадсан ч түүний нэгдүгээр шатны хурдасгуур нь Атлантын далайн хөвөгч тавцан дээр буцаж буух үйлдлээ гүйцэтгэж чадаагүй байна.
Энэ нь пуужин хөөрөөд удаагүй байхад хурдасгуурын телеметрийн төхөөрөмж унтарсантай холбоотойг Корнелл тайлбарлажээ.
Blue Origin компанийг тэрбумтан Жэф Безос 25 жилийн өмнө үүсгэн байгуулж байв. Сүүлийн арван жилийн хугацаанд тус компани дэлхийн тойрог замд хүрэх анхны пуужингаа зохион бүтээхэд олон тэрбумыг зарцуулж байжээ.
Пуужинг хөөргөх эхний оролдлогын өмнө Ням гарагт Безос хэвлэлд ярихдаа нэгдүгээр шатны хурдасгуурыг дахин ашиглах зорилгоор дэлхийд газардуулах төлөвлөгөөнд илүү их санаа зовж байгаагаа илэрхийлж байв.
Гэхдээ пуужин дэлхийн тойрог замд хүрч чадах нь нэгдүгээр зорилго болохыг тэр энэ үеэр тайлбарлажээ.
Даваа гарагт эхний оролдлого амжилтгүй болсон нь пуужингийн түлшний шугам дээр мөс тогтсоноос болсон юм.
Цаашдаа “New Glenn” пуужин SpaceX-ийн Starlink үйлчилгээтэй өрсөлдөх Амазоны Kuiper сансрын интернэтийн хиймэл дагуулуудыг тээвэрлэх юм.
Энэ зорилгоор нийт 27 удаа хөөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Одоо АНУ-ын сансрын нислэгт хамгийн түгээмэл ашиглагдаж буй SpaceX-ийн Falcon 9 пуужингаас “New Glenn” нь хоёр дахин хүчтэй юм.
Өөрөөр хэлбэл сансрын уудамд хүргэх ачааны багтаамж нь хоёр дахин их.
Blue Origin цаашдаа АНУ-ын засгийн газар, Пентагоны захиалгаар сансарт ачаа тээвэрлэх боломжтой болж байна.
Тус компани пуужин хөөргөх үнэ тарифаа нийтэд зарлаагүй байгаа. Falcon 9 пуужингийн хөөргөлтийн үнэ $62 саяас эхэлдэг юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!