Уншиж байна ...

Х.Нямбаатар: Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүчин чадал шинээр нэг ч барилгад дулаан өгөх боломжгүйд хүрсэн

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хот жилийн 196-200 орчим хоног нь хүйтэн байдаг хотуудын тоонд ордог байна. Өнөөдрийн байдлаар хотыг дулаанаар хангах хүчин чадал мууджээ. Цаашид нийслэлийг дулаанаар хангах асуудлыг хэрхэн шийдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.

Тэрбээр "Улаанбаатар хотын дулаан хангамжийн хүчин чадал өнөөдрийн байдлаар шинээр нэг ч барилгад дулаан өгөх боломжгүйд хүрсэн. Тиймээс дулаан хангамжийн хэд хэдэн эх үүсвэрийг судалж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хоёр байршилд дулааны тархмал эх үүсвэрийг барьж байна. Цаашид 10 байршилд дулааны тархмал эх үүсвэр барих шаардлагатай.

Үүнээс гадна БХБ, ЭХЯ-тай хамтарч геотерм буюу газрын гүний дулааны хайгуулын ажлыг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Дэлхийн улс орнууд газрын гүний дулаанаар асуудлаа шийдэж, технологийн дэвшил гарч буй. Хятад улс геотерм дулааны станцын үйлдвэрлэлээр дэлхийд нэгт орж байгаа. Энэ чиглэлийн судалгааг хийхээр ажлын хэсэг байгуулагдсан" гэв.

Геотерм буюу газрын гүний дулаан нь газар доор хадгалсан сэргээгдэх эрчим хүч гэсэн үг бөгөөд энэхүү дулааны энергийг авч ашиглах боломжтой байдаг байна.