Өчигдөр буюу Пүрэв гарагт Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер урьдчилан зарлалгүйгээр Украин улсын нийслэл Киев хотод айлчлан очжээ.
Айлчлалынхаа үеэр тэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хоёр улсын хамтын ажиллагааг салбар бүрд өргөжүүлэн гүнзгийрүүлэх зорилготой “100 жилийн түншлэл”-ийн гэрээг байгуулсан юм.
Өнгөрсөн оны долдугаар сард ерөнхий сайд болсноосоо хойш Стармер анх удаагаа Украин улсад айлчилсан байна.
Түүний айлчлал АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө болж байгаагаараа онцлог юм. Гурван жил орчим хугацаанд үргэлжилж буй Орос-Украины дайныг дуусгаж чадахаа Трамп амлаж байгаа. Гэхдээ тэр ямар арга замаар дайны галыг зогсоохоор төлөвлөж буй талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Киев хотод болсон хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Стармер дайтагч талуудын хооронд ямар ч гэрээ байгуулагдсан Украин улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол заавал баталгаажих ёстойг мэдэгджээ.
Их Британи улс дайн эхэлсэн цагаас хойш Украинд нийт $16 тэрбумын зэр зэвсэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлж, гол дэмжигч орнуудын нэг болоод байгаа.
Стармер айлчлалынхаа үеэр тусламж дэмжлэг цааш үргэлжлэхийг амлажээ.
100 жилийн түншлэлийн гэрээнд батлан хамгаалах, эрчим хүч, худалдаа эдийн засаг зэрэг олон салбарын хамтын ажиллагаа тусгагдсан байна.
Тухайлбал Их Британи улс Украины батлан хамгаалах салбарын хүчин чадлыг бэхжүүлж, тус улсыг “НАТО-гийн ирээдүйн гишүүн” гэдгийг хүлээн зөвшөөрөхөөр гэрээнд тусгажээ.
Бас Их Британийн тал Балтийн тэнгис, Хар тэнгис, Азовын тэнгист Украины батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэх, агаарын довтолгооноос хамгаалах хөдөлгөөнт системийг нийлүүлэх үүрэг хүлээсэн байна.
100 жилийн гэрээнд багтсан төрөл бүрийн бичиг баримтуудыг Стармерын засгийн газар ойрын өдрүүдэд Их Британийн парламентад танилцуулахаар болжээ.
“Бидний урт хугацааны түншлэлийн хүчийг дутуу үнэлж болохгүй. Энэ түншлэлээр бид Британийн ард түмэнд үйлчлэх хүчирхэг эдийн засаг, аюулгүй хөгжингүй нийгэм, гадаад болон дотоод ашиг сонирхлыг хамгаалах юм. Өнөөдөр бид Их Британи, Украин хоёр улсын найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг тусгасан ийм төрлийн анхны бөгөөд түүхэн гэрээг байгууллаа” гэж Стармер сэтгүүлчдэд мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!