2024 онд хийсэн Улаанбаатар хотын гэр хорооллын авто зам, гудамж талбайн эмзэг нөхцөлийн судалгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Уг судалгааг ОБЕГ-ын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн хийсэн байна.
Судалгаанд дурдсанаар:
Улаанбаатар хотын иргэдийн 180 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын нийт талбай 232.06 км2 талбайг эзэлдэг ба өнөөгийн байдлаар ашиглагдаж байгаа зам, гудамж талбайгаар зорчиход гэр хорооллын 10 хувь нь буюу 20 гаруй км2 талбай нь хаалттай, том оврын аврах, гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин зорчих, эргэх, очих боломжгүй, хаягжилт байхгүй, үерийн усанд өртөмтгий зэрэг эмзэг байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг гаргасан байна.
Судалгаагаар гал унтраах автомашин зорчих боломжгүй хаалттай зам, мухар гудамжны судалгааг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд судлан гаргасан байна.
Машин очих боломжгүй, мухар гудамж, үерийн аманд буусан, үерт автах магадлалтай, өндөр хүчдэл дор буусан, машин эргэх боломжгүй, мухар, үерийн даланд байрласан, гудамж нарийсгасан, зам хааж сунгаж хашаа барьсан, өндөрлөг газарт буусан зэрэг 396 байршлыг тодорхойлон гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!