АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп үндэсний эрх ашгийн үүднээс Дани улсын харьяанд байдаг Гринланд арлыг өөрийн улсад нэгтгэх талаар ярьж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт түүний ууган хүү Дональд Трамп Жуниор тус аралд хувийн шугамаар зочилсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байв.
Энэ үеэрээ тэр аавынхаа дэмжигчид гэж танилцуулсан Гринландын хэсэг иргэдтэй хамт өдрийн зоог барьсан юм.
MAGA (Make America Great Again) гэсэн уриатай улаан малгай өмссөн тэднийг “бага” Трамп утсаар аавтайгаа холбон яриулж байлаа.
Энэ үеэр ерөнхийлөгч Трамп тэдэнд “Бид та бүхэнд сайн хандах болно” гэж хэлж байгаа нь бичигджээ.
Гэтэл Трампын хүүтэй хамт зоог барьсан хүмүүс нь үнэндээ түүний дэмжигчид биш, орон гэргүй хүмүүс байсныг тэдний зоог барьсан Гринландын зочид буудлын захирал Юрген Бэй-Каструп хэвлэлд ярьсан байна.
“Бага Трамп тэдэнтэй гудамжинд тааралдаад л хоолонд урьсан байсан. Тэд үнэндээ хэн урьж байгааг ч ойлгоогүй. Мэдээж энэ үйл явдал бидэнд хачирхалтай санагдсан. Учир нь бидний урьд өмнө хэзээ ч харж байгаагүй, эдийн засгийн шалтгааны улмаас цаашдаа ч хэзээ ч харахааргүй хүмүүс манай зочид болсон юм” гэж захирал ярьжээ.
Трампын хүүгийн зохион байгуулсан үдийн зоогт нийт 15 хүн оролцож, Гринландын уламжлалт хоолыг зооглосон гэнэ.
“Тэд бол Трампын дэмжигчид биш, зүгээр л гудамжинд тааралдаад хоол идэх үү гэж асуухад дагаад ирсэн хүмүүс байсан. Тэд хэнээр дайлуулснаа сүүлд л мэдсэн байх” гэж Бэй-Каструп ярьжээ.
Бага Трампын хэвлэлийн төлөөлөгч зочид буудлын захирлын ярьсныг няцаасан байна.
Ерөнхийлөгч Трамп дэлхийн хамгийн том арал Гринландыг эдийн засгийн болон цэрэг зэвсгийн аль нэг аргаар АНУ-д нэгтгэх талаар ярьж байгаа.
Саяхан Конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүд “Make Greenland Great Again Act” нэртэй хуулийн төсөл санаачилсан нь Трампын ярьсныг улам үнэмшилтэй болгож байна.
Гринланд арал болон Дани улсын удирдагчид газар нутгаа зарахгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа.
Харин оронд нь АНУ-ын эрх ашигт нийцүүлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэл сонирхлоо илэрхийлсэн юм.
Трампын саналын талаар дани үндэстэн Бэй-Каструп “Бид бараа бүтээгдэхүүн биш. Бид худалдагддаг зүйл биш. Бид зөвхөн хамтран ажиллах хүсэлтэй” гэж ярьжээ.
Трампын хүүг зочлоод буцсаны дараа Гринландын нийслэлийн их дэлгүүрийн үүдэнд MAGA малгай өмсөж, АНУ-ын далбаа барьсан хэдэн хүн $100-ын дэвсгэртийг хүмүүст тарааж байсан баримтыг гэрчүүд мэдээлсэн байна.
Тэд өөрсдийгөө Канад-Америкийн инфлүнсерүүд гэж танилцуулж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!