Уншиж байна ...

Франц эмэгтэй бүх мөнгөө алдсаны дараа Брэд Питтийн нэрийг барьсан залилангаас болгоомжлохыг анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн од Брэд Питтийн нэрийг барьсан луйвраас болгоомжлохыг түүний бие төлөөлөгч саяхан хүмүүст анхааруулжээ.

Франц улсын иргэн эмэгтэй насаараа цуглуулсан хадгаламжаа алдарт жүжигчний нэрийг барьсан луйварчдад алдсан нь ингэх шалтгаан болсон байна.

53 настай энэ эмэгтэй Питтэй онлайнаар дотно холбоо тогтоосныхоо дараа нөхрөөсөө салж, 830,000 еврогоо алдсаныг саяхан Францын TF1 телевизийн сувгаар ярьсан юм.

“Шүтэн бишрэгчдийнх нь жүжигчнийг хайрлах сэтгэлийг луйварчид ашиглаж байгаа нь үнэхээр аймшигтай” гэж Брэд Питтийн төлөөлөгч АНУ-ын Entertainment Weekly сэтгүүлд ярьжээ.

Тэрбээр жүжигчин сошиал сүлжээг огт хэрэглэдэггүй тул ийм залиланд автахгүй байхыг хүмүүст анхааруулсан байна.

Залилангийн хохирогч болсон эмэгтэйтэй Питтийн нэрийг барьж, хиймэл оюуны технологиор үүсгэсэн гэрэл зурагтай WhatsApp хаягаар луйварчид анх холбогдож байжээ.

Ингэхдээ тэд экс эхнэр Анжелина Жолигоос салж байгаагийн улмаас банкны дансаа битүүмжлүүлсэн тул бөөрөө эмчлүүлэх мөнгөгүй болсныг жүжигчний нэрийн өмнөөс эмэгтэйд бичсэн байна.

Хохирогч эмэгтэй энэ маягаар нэг жил, хагас орчим хугацаанд “хуурамч” Питтэй харилцаж, бүр “хайртай эмэгтэй” нь болсондоо бүрэн итгэж байжээ.

Гэтэл Брэд Питт бодит амьдрал дээрээ Инес де Рамон хэмээх шинэ найз бүсгүйтэй болсон тухай мэдээг олж үзсэнийхээ дараа тэр өөрийгөө хууртсаныг ойлгосон байна.

Эмэгтэйн ярилцлага Даваа гарагт TF1 сувгаар цацагдсаны дараа тэр онлайн орчинд олны элэг доог болж, нэлээд дарамт доромжлол амссан байна. Үүний улмаас TF1 суваг нэвтрүүлгийнхээ бичлэгийг устгажээ.

Сүүлийн жилүүдэд “романтик луйвар” хэмээх онлайн гэмт хэргийн гаралт дэлхий даяар нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард WhatsApp мессенжэрт Брэд Питтийн нэрийг барьж, хоёр эмэгтэйгээс нийт 325,000 евро луйвардсан таван этгээдийг Испанийн цагдаагийн байгууллага баривчилж байв.

Арванхоёрдугаар сард Холливүүдийн цуутай хосуудын нэг Питт, Жоли нарын найман жил үргэлжилсэн гэр бүл салгах үйл явц өндөрлөсөн юм.

Анжелина Жоли 2016 онд Питтээс салах хүсэлтээ шүүхэд гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP