Уншиж байна ...

Өрсөлдөөн нь сансрын уудамд хүрсэн дэлхийн тэргүүн баячууд харилцан нэгэндээ баяр хүргэцгээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ нэг, хоёрдугаарт бичигдэж буй Америкийн хоёр тэрбумтны хувьд өчигдөр буюу Пүрэв гараг чухал өдөр байлаа.

Теслагийн босс Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX, Амазоны босс Жэф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компаниуд өчигдөр тус тусын зохион бүтээсэн хамгийн том пуужингуудаа сансарт хөөргөж туршсан юм.

SpaceX-ийн Starship пуужингийн хөөргөлт амжилтгүй болж дэлбэрсэн ч түүний Super Heavy хурдасгуур нь дэлхийд амжилттай газардсан байна. Ингэхдээ хурдасгуур “зүү сүвлэх” мэт нарийн технологи ашиглан сууриндаа ирж тогтсон юм.

Үүнээс өмнө Blue Origin компанийн 30 давхар барилгын өндөртэй “New Glenn” пуужин анхны туршилтаараа дэлхийн тойрог замд амжилттай хүрсэн ч Атлантын далайд хурдасгуураа буцааж газардуулах төлөвлөгөө нь хэрэгжиж чадаагүй байна.

Blue Origin компанийн пуужин амжилттай хөөрсний дараа Х хуудсандаа Илон Маск “Сайн байна, @JeffBezos, Blue Origin баг!”гэж бичжээ.

Дараа нь Безос мөн Х хуудсандаа “@elonmusk Танд болон SpaceX-ийн нийт хамт олонд хурдасгуураа өө сэвгүй газардуулсанд баяр хүргэе! Маш гайхалтай” гэж бичсэн байна.

Урьд нь үргэлж нэг нэгнийхээ үзэл бодол, үйл ажиллагааг шүүмжилдэг байсан хоёр тэрбумтны хувьд ингэж нэг нэгэндээ баяр хүргэсэн нь ховор үзэгдэл байлаа.

Тэд бас олон жилийн турш дэлхийн тэргүүн баяны титмийг булаацалдаж байв.

Одоогоор Илон Маск $440 орчим тэрбумын хөрөнгөөр Блүүмбэргийн жагсаалтыг тэргүүлж, Жэф Безос $240 тэрбумаар удаалж байна.

Маск нэг удаа SpaceX компаниас нь сайн мэргэжилтнүүдийг урвуулахыг оролдсон хэмээн Blue Origin компанийг шүүмжилж байлаа.

Нөгөө талаас Безос түүний Ангараг гарагийг эзэмших төлөвлөгөөг байнга шүүмжилж байв.

2021 онд НАСА томоохон гэрээгээ SpaceX компанид өгөхөд Blue Origin эсэргүүцэж байжээ.

Хамгийн сүүлд хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө Маск сонгуульд Трамп ялагдах тул өөрийнх нь компаниудын хувьцааг зарахыг хүмүүст зөвлөсөн гэж Безосыг буруутгаж байв.

Хэдхэн цагийн дараа Безос түүний бичсэнийг “100 хувь худал” хэмээн няцааж байжээ.

Ямартай ч Маск, Безос нар АНУ-ын сансрын салбарт гол өрсөлдөгчид болоод байна. Одоогоор НАСА ихэнх аяллаа SpaceX компанийн пуужингуудад даатгаж байгаа. Тэгвэл одоо Blue Origin компани энэ захиалгаас хуваалцахаар болж байна.

SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэттэй өрсөлдөх ижил технологийг Безосын компани Kuiper нэрээр хөгжүүлж байгаа. Blue Origin сансрын пуужингаа амжилттай туршсанаар Kuiper үйлчилгээний дэлхийг тойрсон хиймэл дагуулуудын тоо эрс нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

 

Эх сурвалж: Business Insider