Уншиж байна ...

Монголын тав дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 10 цаг 17 минут
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн 73 дахь, Монголын тав дахь ёкозүна болж байсан Терүнофүжи Г.Ган-Эрдэнэг зодог тайлахаар болсныг Сүмогийн Холбоо албан ёсоор зарлалаа.

Өдгөө 33 настай Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн нэгэн. Тэрбээр өнгөрсөн жилийн зургаан тэмцээний хоёрт нь оролцохдоо хоёуланд нь түрүүлсэн юм.

Шинэ оны эхний тэмцээнд эргэн ирсэн ч дөрвөн өдрийн дараах байдлаар 2:2 амжилттай байв. Ингээд тав дахь өдрөөс энэ тэмцээнийг орхисон.

Терүнофүжи хоёр өвдөгний хүнд гэмтлээс гадна чихрийн шижин өвчний улмаас 2021 онд ёкозүна цолтой болсноос хойш 21 тэмцээний 13-ыг нь өнжсөн юм.

Г.Ган-Эрдэнэ 2015 оны долдугаар сард 23 насандаа сүмогийн хоёр дахь дээд цол болох озеки болсон ч бэртлийн улмаас 2019 онд жонидан зиндаа хүртэл унасан. Улмаар 2020 оны долдугаар сард дээд зиндаанд түрүүлж, 2021 оны есдүгээр сард ёкозүна цолтой болсон юм.

Тэрбээр 2021 онд Японы иргэншилтэй болсон. Зодог тайлсан ч сүмогийн холбоондоо үлдэж, дэвжээнийхээ багшаар үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.