Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-д гэрээ байгуулсан хоёр дахь монгол тулаанч Т.Нямжаргал дараагийн тулаанаа ирэх сард хийхээр болжээ.
Манай тамирчин эхний тулаанаа АНУ-ын Карлос Хернандезтай өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 23-нд хийсэн ч шүүгчийн саналаар дийлдсэн юм.
Тэгвэл хоёр дахь тулаанаа Австралийн Сидней хотод болох UFC 312-оор хийхээр товлосон аж.
Энэ удаад манай тамирчин БНСУ-ын Хюн Сун Пактай тулалдана. Солонгос эр холимог тулаанд ес, UFC-д хоёр тулаан хийхдээ бүгдэд нь ялсан. 2023 оны арванхоёрдугаар сард Австралийн Шэннон Россыг буулгаж авахдаа тулааны урамшуулал хүртэж байв.
Ирэх сарын 9-нд UFC 312-ын гол тулаан дунд жингийн аваргын бүс хамгаалагч Өмнөд Африкийн Дрикус Дю Плесси, бүс горилогч АНУ-ын Шон Стриклэнд нарын дунд болно.
Мөн UFC-гийн эмэгтэй жинд аваргын бүс эзэмшдэг БНХАУ-ын Жан Вэйли АНУ-ын Татьяна Суарестай тулалдах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!