Уншиж байна ...

Швед улс иргэний харьяаллаас хасах заалтыг үндсэн хуульдаа оруулахаар төлөвлөж байна

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хууль бус аргаар иргэн болсон болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эрсдэлтэй хүмүүсийг иргэний харьяаллаасаа хасах заалтыг Швед улс үндсэн хуульдаа нэмж оруулахаар ажиллаж эхэлжээ.

Ингэвэл худал мэдээлэл бүрдүүлэх, авлига хээл хахууль өгөх, айлган сүрдүүлэх замаар иргэний харьяалал авсан хүмүүс, бас тагнуулын үйл ажиллагаа явуулж, эх орноосоо урвасан зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн паспортыг хураадаг болох юм байна.

“Швед улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гурван хүчин зүйл ийм өөрчлөлт хийхэд хүргэж байна. Үүнд экстремизмийн хүчирхийлэл, Швед улсын эсрэг бусад улсаас явуулж буй хортой үйл ажиллагаа, бас зохион байгуулалттай гэмт хэрэг орж байна” гэж хууль зүйн сайд Гуннар Строммер өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

2022 оны сонгуулийн дараа байгуулагдсан барууны чиг баримжаатай цөөнхийн эвслийн засгийн газар цагаачлалыг хязгаарлах бодлого явуулж байгаа.

Үүний үр дүнд 2024 онд Швед улс түүхэндээ байгаагүй цөөн тооны цагаачид иргэний харьяалал олгосон юм.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг засгийн газар санаачилсныг тус улсын парламент ердийн олонхын саналаар батлах ёстой.

Шведийн 10.5 сая хүн амын 20 орчим хувь нь гадаадад төрсөн хүмүүс байдаг.

Энэ долоо хоногийн эхээр тус улсын засгийн газар иргэний харьяалал хүсэх эрхтэй гадаадын иргэдийн Шведэд амьдрах доод хугацааг таван жилээс найман жил болгон сунгасан юм.

 

Эх сурвалж: Reuters