Палестины газар нутаг Газын зурваст дайтагч Израиль, Хамасын талууд гал зогсоох тохиролцоонд хүрснийг тэдний дунд зуучилж буй Катар улсын ерөнхий сайд өчигдөр орой зарлажээ.
Ингэснээр 15 сар үргэлжилсэн дайн зогсож, урт хугацаанд энх тайван байдал тогтох эхлэл тавигдаж болзошгүй боллоо.
Сүүлд Израилийн ерөнхий сайдын хэвлэлийн алба гэрээний зарим нөхцөл тодорхойгүй хэвээр байгаа ч шөнөдөө багтан эцэслэн шийдэгдэх боломжтойг мэдэгдсэн байна.
Бэлгэдлийн үүрэгтэй Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог гал зогсоох тохиролцоонд хүрснийг Хамаст барьцаалагдсан иргэдээ суллах чиглэлд гарсан “зөв алхам” болохыг онцолжээ.
Катарын ерөнхий сайд Шэйх Мохаммед бин Абдулрахман бин Жассим аль Тани гал зогсоох гэрээ ирэх Ням гарагаас үйлчилж эхлэхийг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
“Газын зурваст дайтагч талууд барьцааны хүмүүс болон хоригдлуудыг солилцох тохиролцоонд хүрсэн бөгөөд ингэснээр тэдний хооронд байнга гал зогсоох гэрээ хэрэгжиж эхлэх зам нээгдлээ” гэж тэр мэдэгджээ.
Тохиролцооны эхний шатанд Хамасын тал 33 барьцааны хүнийг суллаж, Израиль улс ижил тооны хоригдлуудыг шоронгоосоо суллахаар болсон байна.
Катарын ерөнхий сайдын мэдэгдлийн дараа Израилийн нийслэлд болон Газын зурваст дайныг зогсоохыг хүссэн хүмүүс баяраа тэмдэглэж эхэлжээ.
Хамас зэвсэгт байгууллага мэдэгдэлдээ “Энэ бол манай аугаа Палестины ард түмний тууштай зан чанар, бидний 15 сарын турш явуулсан эрэлхэг тэмцлийн үр дүн юм” гэж өгүүлсэн байна.
Сүүлийн өдрүүдэд гал зогсоох гэрээг байгуулуулахын тулд Катар, Египет, АНУ-ын зуучлагчид дайтагч талуудад үзүүлэх шахалтаа эрчимжүүлээд байсан юм.
Гал зогсоох гэрээний хэрэгжилтийг дээрх гурван улсын төлөөлөгчдөөс бүрдсэн баг Египетийн нийслэл Кайр хотоос хянахаар болсныг Катарын ерөнхий сайд мэдээлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден гал зогсоох чиглэлд ахиц дэвшил гарсанд баярлаж байгаагаа илэрхийлжээ.
2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас зэвсэгт байгууллага Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдаж, энгийн иргэд голдуу 1,210 хүний амийг хөнөөж, 250 орчим хүнийг барьцаалснаар Газын зурваст дайн эхэлсэн юм. Барьцааны хүмүүсийн 94 нь одоо Газын зурвасын хаа нэгтээ хоригдож байгаа гэж үздэг.
Израилийн эрх баригчид тэднээс 34-ийг нь үхсэнд тооцож байгаа.
Хамасын эсрэг Израилийн армийн явуулсан байлдааны ажиллагааны улмаас Газын зурваст мөн энгийн иргэд голдуу 46,707 хүн алагдаад байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!