Уншиж байна ...

Э.Ниндэв: Оношилгоонд ороогүй тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар захиалах боломжгүй

Д.Янжиндулам, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгох хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 15-наас carplate.ulaanbaatar.mn системээр авч эхлээд буй. Туршилтын хугацаанд 9,000 гаруй иргэн тус системтэй танилцжээ.

Системд улсын дугаар авах хүсэлтийг хэрхэн бүртгүүлэх, ямар шаардлага тавигдаж байгаа талаар Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэв "Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийг бүртгэх дээд хязгаарыг тогтоож, тодорхой шалгуур үзүүлэлтүүд батлагдсан. Иймд иргэдээс Улаанбаатарын серитэй улсын дугаарын захиалгыг carplate.ulaanbaatar.mn системээр авч эхлээд байна.

Иргэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг carplate.ulaanbaatar.mn системээр захиалахдаа И-Монголиа ДАН системээр дамжиж регистрийн дугаараа оруулснаар Улаанбаатарын иргэн мөн эсэхээ тодорхойлуулна.

Тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамжийг төлөөгүй, оношилгоонд оруулаагүй бол улсын дугаарын захиалгыг системд үргэлжлүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл улсын дугаар авах гэж байгаа тээврийн хэрэгслийг бидний хэлдгээр оношилгоонд буюу техникийн хяналтын үзлэгт заавал оруулсан байх ёстой.

Системд тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар шалгуурын дагуу оноо автоматаар бодогдоно. Жишээ нь нэгдүгээрт бүртгүүлсэн байтал 50 дугаарт эрэмбэлэгдсэн байна гэх мэдээлэл ирж байна. Системд хэдэд бүртгүүлснээр эрэмбэлэгдэхгүй тээврийн хэрэгслийн шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэгдэнэ.

Хамгийн өндөр оноотой нь хамгийн эхэнд эрэмбэлэгдэнэ. Хамгийн бага насжилттай/он залуу/, цахилгаан болон хайбрид хөдөлгүүртэй, зүүн гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл хамгийн өндөр оноо авна.

10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд 2025 оны зургаадугаар сарын 1-нээс улсын дугаар олгохгүй байх журам батлагдсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох хүсэлтийг авч байгаа.

Монгол Улсад импортоор орж байгаа тээврийн хэрэгсэл нь ашиглагдаж байгаа орноос экспортлогдохын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх ёстой гэсэн шалгуур 2025 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

carplate.ulaanbaatar.mn систем нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олгох биш дугаар авах дарааллыг бүртгэж байгаа юм. Улсын дугаарыг АТҮТ болон Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвөөс олгоно. Өөрөөр хэлбэл ямар машинд дугаар олгохыг хүний оролцоогүйгээр буюу тус системийн эрэмбийн дагуу суларсан дугаарыг өгөх юм. Хүсэлт гаргасан иргэнд тухайн дугаарыг олгох боломжтой болсон тухай хариуг мэссэжээр илгээнэ.

Олон жил ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасуулж, улсын дугаараа авах боломж нь нээлттэй. Тээврийн хэрэгсэл хөдөө орон нутаг руу шилжсэн тохиолдолд улсын дугаар суларна. Ийм хоёр байдлаар Улаанбаатарын серитэй улсын дугаар суларна" гэж тайлбарлалаа.

Нэг хүнд олон дугаар олгодог байдлыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэл чанартай болж байгааг тэрбээр тодотгов.

Чиргүүл, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, механизм, мотоцикл, бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны машиныг шалгуур үзүүлэлтэд хамруулахгүйгээр Улаанбаатарын серитэй улсын дугаар олгож байгаа аж.