Уншиж байна ...

Иргэнийх нь амийг хөнөөсөн байвал Орос улсын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахаа Австралийн ерөнхий сайд мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Украины талд сайн дурын үндсэн дээр байлдаж байгаад Оросын цэрэгт олзлогдсон Австралийн иргэн Оскар Женкинсийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Өчигдөр буюу Лхагва гарагт Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз “Бид баримт нотолгоо олж авахаар ажиллаж байна. Хэрвээ Оскар Женкинсийг ямар нэг байдлаар хохироосон бол энэ нь үнэхээр жигшүүртэй үйлдэл болно. Хэрвээ ингэсэн нь тогтоогдвол Австралийн засгийн газар хамгийн хүчтэй хариу арга хэмжээгээ авах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Тэр бас иргэнийхээ ямар байдалтай байгааг мэдээлэхийг Оросын эрх баригчдад уриалсан байна.

32 настай багш Оскар Женкинс сайн дурын үндсэн дээр Украины 66 дугаар механикжсан бригадад байлдаж байсан юм.

Женевийн конвенцын дагуу улс орнууд дайны олзлогдогсдыг бүх төрлийн хүчирхийллээс хамгаалах үүрэгтэй байдаг.

Орос улс энэхүү олон улсын гэрээнд нэгдсэн байдаг юм.

Өнгөрсөн сард Донбас дахь Оросын цэргүүд Женкинсийг байцааж, зодож байгааг харуулсан дүрс бичлэг ил болж байв.

Гарыг нь хүлсэн түүнээс хөлсний цэргүүдэд Украин улс хэдийг төлдөг талаар асууж байжээ. Женкинс хариуд нь өөрийгөө хөлсний цэрэг биш, Украин болон Австралид аль алинд нь ажиллаж амьдарч байсан багш хүн болохыг хэлж байв.

Үүний дараа Оросын цэргүүд түүний нүүрэнд цохиж байгааг бичлэг харуулжээ.

Хамт байлдаж байсан гадаадын цэрэг Женкинсийг “бусад цэргүүддээ байнга тусалж, хэрэгцээт зүйлсийг нь өөрийн зардлаар худалдан авч өгдөг байсан, гайхалтай сайн хүн” гэж Австралийн хэвлэлд ярьсан байна.

Украины зарим цэргүүд болон гадаадын сайн дурынхан Женкинсийг үхсэн гэж үзэж байгаагаа илэрхийлснийг дээрх мэдээнд дурджээ.

Түүнийх байж болзошгүй цогцсыг олзны цэргүүдийг хорьж байсан газрын ойролцоо олсноо тэд мэдээлсэн байна.

2022 онд Украинд дайн эхэлсэн цагаас хойш Австралийн долоон иргэн алагдсаны сүүлийнх нь Женкинс байх магадлалтай болжээ. Гэхдээ зөвхөн тэр олзонд байхдаа алагдсан хүн болж магадгүй байна.

Мэргэжилтнүүд Женкинсийн гэгдэж буй цогцсын дроноос авсан дүрсийг шинжлээд түүнийг цаазлуулсан гэж үзэж байгаа юм.

Австрали дахь ОХУ-ын элчин сайдаас албан ёсны тайлбар шаардсанаа ерөнхий сайд Албаниз өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова олзлогдсон Австралийн иргэний талаар мэдээллийг шалгаж байгааг баталсан байна. Ингэхдээ тэр Женкинсийг “хөлсний цэрэг” гэж тодорхойлж байжээ.

Австрали улс нь НАТО-гийн гишүүн бус улсуудаас Украины хамгийн том дэмжигч юм.

Нөгөө талаар эрдэс баялгийн томоохон олборлогч Австрали улс нь зэвсгийн үйлдвэрлэлд ашиглагддаг металлуудаа Орос улсад экспортлохыг хориглосон байдаг.

Бас Оросын 1,000 орчим иргэнийг тус улс хориг арга хэмжээгээр шийтгэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press