Уншиж байна ...

Бандар Алхораеф: Саудын Араб энэ жил 50,000 км.кв талбайд лиценз олгохоор төлөвлөсөн

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

-Саудын Арабын Хаант Улсын Рияад хотоос iKon.mn сайтын сэтгүүлч Б.Бадамгарав мэдээлж байна-

Саудын Арабын Хаант Улсад болж буй “Future Minerals Forum 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ өдөр тус улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд эрхэмсэг ноён Бандар Алхораеф форумын ач холбогдол, үр дүн, алсын харааны тухай танилцуулахын зэрэгцээ дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан хүмүүст талархлаа илэрхийлсэн юм.

Эрхэмсэг ноён Бандар Алхораеф “Ашигт малтмалын салбарын ирээдүйг хамтдаа тодорхойлох зорилготой энэхүү форумынхаа бий болгосон бодит үр дүнгийн талаар танилцуулахыг хүсэж байна.

Бид олон улсын чухал эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтарч ажиллахаа тодорхойлсон баримт бичгийг гаргав. Энэ нь дэлхийн хэмжээнд эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хангах сүлжээг бий болгох зорилготой. Мөн Африк болон Төв Азийн улс орнуудад шинжилгээ, судалгааны есөн байгууллагыг байгуулахаар тохирлоо. Түүнээс гадна тэргүүлэх чиглэлээ тогтоож, ил тод байдлыг баталгаажуулж, хамтын ажиллагааг эрхэмлэн нийгэм, эдийн засгийн үнэт зүйлийг бүтээхээр хэлэлцэв.

Уул уурхайн салбар бол эдийн засгийн хамгийн хурдтай хөгжиж буй салбар юм.

Саудын Арабын Эрдэс баялгийн салбарт 2.5 их наяд ам.доллараар хэмжигдэхүйц боломжит нөөц бий. Инновац, дэд бүтцийн хөгжлөөс уул уурхай ихээхэн хамааралтай. Эдгээрийг улсдаа хөгжүүлснээр уул уурхай, эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын чухал газар болоод буй.

Энэ жил 50,000 километр квадрат талбайд хайгуул хийх зөвшөөрөл олгоно. Өнгөрсөн жил гаргасан урамшууллын хөтөлбөр үр дүнд хүрч, зургаан компани санхүүжилтээ хүлээж авлаа.

Өнөөдөр уул уурхайн инновацын институтийг нээж байна. Энэ нь өндөр ур чадвартай хүмүүсийг татаж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг нутагшуулах зорилготой газар. Өөрөөр хэлбэл бид уул уурхайн “Цахиурын хөндий” болох зорилготой ажиллаж байна.

Энэ жил хамгийн том амбицыг дэвшүүлж ажиллаж байгаа. Мэдлэгээ солилцох боломжийг олгож, авьяас ур чадварын талаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна. Латин Америк, Африкийн улс орнуудыг оролцуулан дугуй ширээний уулзалтыг хийж, ханган нийлүүлэгч улс орнуудыг хамтад нь цуглуулж, дэлхийн хэмжээний эрдэс баялгийн салбарт нөлөө үзүүлэх талбар болгож байгаа юм.

2025 оны форум бол хэрэгжих боломжит шийдлийг гаргах, эрс өөрчлөлт хийх санааг дэвшүүлэх индэр болж байна” хэмээв.

Саудын Арабын Хаант Улс нь 2.2 сая километр квадрат газар нутагтай, 34 сая хүн амтай юм. Нэг хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) нь 2024 оны мэдээллээр 32,881 ам.доллар байна.