Уншиж байна ...
Зураг
Зураг

Саудын Арабын Хаант Улсад болж буй "Future Minerals Forum 2025"-д 20,000 орчим төлөөлөгч оролцож байна

Б.Бадамгарав, IKon.mn
5 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн 145 улсаас уул уурхайн салбарын мэргэжилтэн, судлаач, хөрөнгө оруулагчид Саудын Арабын Хаант Улсын Рияад хотноо нэгдүгээр сарын 14-16-нд болж буй "Future Minerals Forum 2025"-д чуулж байна.

Тэд чухал ашигт малтмалыг тойрсон бүхий л асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм. Мөн Саудын Арабын Хаант Улсаас уул уурхайн салбарын дэлхийн томоохон аж ахуйн нэгжүүдийг өөрийн орондоо төслүүд хэрэгжүүлж, хамтарч ажиллахыг урьцгааж байна. 

Учир нь тус улс 2016 онд эдийн засгаа солонгоруулах зорилгоор "Саудын Арабын Алсын хараа 2030" хөтөлбөрөө зарласан. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө эхлүүлсэн нэг арга хэмжээ нь дээрх форум бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо, цар хүрээ нь өсөн нэмэгдсээр байна.

Анх 2022 онд зохион байгуулахад 4,500 хүн оролцож байсан бол дөрвөн жилийн хугацаанд оролцогчийн тоо бараг тав дахин өсөж, 20,000-ыг давжээ. Тэр дундаа 90 улсын төр засгийн төлөөлөл, “G20”-д багтдаг 16 орны зочин, олон улсын 50 гаруй байгууллага, нөлөө бүхий төрийн бус байгууллагууд багтаж байгаа нь форумын далайц хэр нэмэгдсэнийг бэлхэн илтгэж байв.

Уул уурхайн дэлхийн том тоглогч болох амбицтай тус улс хууль эрх зүйн орчноо хэрхэн бүрдүүлсэн, гаднын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниудад ямар боломжийг санал болгож буй талаар тодруулахаар Саудын Арабын Хаант Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны хэсэгт зочиллоо.

зураг
 

Тус яамны ажилтан Раед Зухайр Шамл "Саудын Арабт буй эрдэс баялгийн байршлыг харуулахын тулд өмнө нь цуглуулсан геологийн судалгааны мэдээллийг шинээр хийсэн судалгааны үр дүнтэй хамтатган газрын зургийг гаргасан. Ингэснээр ямар илэрцтэй ордууд хаана байгааг тодорхойлж болно. Геохимийн зураглалыг 1:50,000-тайгаар хийсэн. Энэ нь хөрөнгө оруулагчдад нээлттэй бий. Тухайлбал та бүхэн ngd.sgs.gov.sa сайтаас харах боломжтой. Геохимийн судалгаанаас гадна геофизикийн судалгаа агаараас хийсэн, өндөр нарийвчилсан мэдээллүүдтэй" хэмээн танилцуулав. 

Тус улс хайгуулын лицензийг таван жилийн хугацаатай олгодог. Хэрэв шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, урамшууллын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцвэл Саудын Арабын Засгийн газраас тухайн аж ахуйн нэгжид эхний хоёр жилд зарцуулсан мөнгөнийх нь 70 хувийг олгодог байна. Энэ жил анх удаа уг урамшууллын хөтөлбөр хэрэгжиж байгаа ба зургаан аж ахуйн нэгж шалгарсан байна.

зураг
 

Түүнчлэн тус улс 2030 он хүртэлх зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, ус, аялал жуулчлал, спорт, дижитал шинжлэх ухаан зэрэг 16 салбарыг бодлогоор дэмждэг байна. Тухайлбал энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг санхүүгээр дэмжихийн тулд шаардлагатай хөрөнгө оруулалтынх нь 75 хувьд хөнгөлөлттэй зээл олгох, Саудын Араб эрэгтэйг ажиллуулах тохиолдолд эхний хоёр жилд цалингийнх нь 30 хувийг төрөөс даах, эмэгтэй хүнийг ажиллуулах бол цалингийнх нь 40 хувийг төрөөс даадаг хэмээн дээрх яамны ажилтан Лина Алавед танилцуулсан. Гэхдээ эдгээр урамшуулал, боломжийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд өөрсдийн зорилго зорилтоо тодорхой танилцуулж, хэдэн жилийн дараа ямар үр дүн хүрсэн байх тухай амлалт өгөх хэрэгтэй юм байна. 

2030 он хүртэлх алсын хараагаа танилцуулахдаа Саудын Арабын төр хууль эрх зүйн орчноо ч зөөлрүүлжээ. Ингэснээр хөрөнгө оруулагч нар ихээхэн сонирхох болсон гэдгийг тус улсын салбар салбарын яамны холбогдох ажилтнууд хэлж байлаа. 

Нэмэлт мэдээлэл хүргэхэд ойрын жилүүдэд чухал ашигт малтмал хэмээн ихээхэн ярих болсон. Чухал ашигт малтмал гэж чухам юуг хэлэх талаар нарийн тогтсон тодорхойлолт, жагсаалт байдаггүй бөгөөд зарим улс орон өөр өөрсдийнхөөрөө тодорхойлдог байна. Үүнийг Стратеги Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс гаргасан тоймд "Орлуулахад төвөгтэй, боловсруулахад хүнд, огцом эрэлтийг дагаж олборлолтын хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдгийн улмаас ханган нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй ашигт малтмал" хэмээн ерөнхийд нь томьёолжээ.

Чухал ашигт малтмалууд уламжлалт эрчим хүчнээс шинэ эрчим хүчинд шилжих ногоон шилжилтээс гадна өндөр технологи, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг олон салбарын түүхий эд болж байна. Тухайлбал зэс, никель, лити, кобальт, газрын ховор элемент зэрэг нь энэ ангилалд багтана. 

зураг