Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг цэргийн дэглэм зарласан үйлдэлтэй нь холбогдуулан баривчиллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын авлигатай тэмцэх албаны мөрдөгчид өчигдөр тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг хоёр дахь удаагийн оролдлогоороо баривчилж чаджээ.

Ингэснээр тэр бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхдаа баривчлагдсан анхны ерөнхийлөгч болж, Өмнөд Солонгосын түүхэнд бичигдэж байна.

Одоо мөрдөгчид Юн Сүк Ёлыг 48 цагийн дотор байцааж, үргэлжлүүлэн саатуулах, эсвэл суллах шийдвэрийн аль нэгийг гаргах юм.

Мөрдөгчид өчигдөр өглөө 04:30 цагийн үед 3,000 орчим цагдаагийн хүчээр хамгаалуулан Сөүл хотын төвд оршдог ерөнхийлөгчийн өргөөнд ирж байв.

Тэд ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан болон өргөөний хашааны гадна автомашинаар байгуулсан саадыг нэвтрэхэд хоёр цаг, хагас орчим хугацаа зарцуулсан юм.

Энэ үеэр Юн Сүк Ёлыг дэмжигч 6,500 орчим иргэн бас баривчлах ажиллагаанд саад учруулахыг хичээж байлаа.

зураг
 

Эцэст нь мөрдөгчид шат хэрэглэн ерөнхийлөгчийн өргөөний хашааг давсан байна.

Хашаанд нэвтэрсэн мөрдөгчид өргөөний харуулын байранд очиход ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Чун Жин Сүк, өмгөөлөгч Юн Кап Кюн нар тэдэнд нэвтрэх зөвшөөрөл өгчээ.

Ингээд өглөөний 10:33 цагт мөрдөгчид ерөнхийлөгчийг баривчилсан байна.

Юн Сүк Ёл улс орон даяар цэргийн дэглэм зарласнаасаа хойш яг 43 хоногийн дараа ийнхүү баривчлагдсан юм.

Ерөнхийлөгчийг суулгасан автомашины цуваа өргөөний хашаанаас гарч, Авлигатай Тэмцэх Газрын төв байр оршдог Гёнги мужийн Гвачон хотын зүгт хөдөлжээ.

зураг
 

Ерөнхийлөгчийг байцаах ажиллагаа өглөөний 11:00 цагт эхэлсэн байна.

Юн Сүк Ёл өчигдөр өглөө, үдээс хойш, оройн байцаалтын үеэр ямар нэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Бас байцаалтын бичлэгийг үйлдэхийг эсэргүүцсэн байна.

Хуулиараа тэр ингэх эрхтэй гэнэ.

Байцаалт 21:40 цагт дууссаны дараа Юн Сүк Ёлыг ойролцоох саатуулах төвд хүргэжээ. Өнөөдөр өглөө байцаалт үргэлжлэх юм байна.

Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм зарлахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, төрийн эсрэг бослого гаргасан хэрэгт буруутгаж байгаа.

Түүний зарласан онц байдлын дэглэмийг хэдхэн цагийн дараа Өмнөд Солонгосын парламент цуцалсан юм.

Баривчлагдахаасаа өмнө бэлдсэн видео мэдэгдэлдээ Юн Сүк Ёл мөрдөгчид болон хамгаалалтын албаныхны хооронд мөргөлдөөн гаргахгүйн тулд байцаалт өгөхөөр шийдсэнээ тайлбарлажээ.

Гэхдээ тэр өөрийг нь баривчлах захирамжийг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн түүнийг баривчлагдсанаас хойш хэдэн цагийн дараа цэргийн дэглэм зарлах болсон шалтгаанаа тайлбарласан утгатай гараар бичсэн захидал нь сошиал орчинд тарсан юм.

Мөрдөгчид хоёр дахь оролдлогоороо ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчилж байна.

Өмнө нь нэгдүгээр сарын 3-нд тэд ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхантай зургаан цаг орчим тулгарсны эцэст ажиллагаагаа зогсоож байсан юм.

Өчигдрийн ажиллагааны үеэр эрх баригч намын 30 орчим хууль тогтоогч бас Юн Сүк Ёлыг хамгаалахаар өргөөний гадна цугларсан байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News