Уншиж байна ...

Хилийн чанад дахь монгол иргэдийн И-Монгол системийг ашиглан сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлахаар боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2025.01.14/ Хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсохоос гадна байнгын хорооны  тогтоолын төслүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд Засгийн газарт чиглэл өгөх тухай хоёр тогтоолын төслийг хэлэлцэв.  

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар сонссон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг хэлэлцээд улсын нэгдсэн төсвийн ангилалд мэдээллийн технологийн арга хэмжээ кибер аюулгүй байдлын ангиллын зардлыг шинээр нэмж тус бүрд программ хангамж техник хангамжаар ялган бүртгэх болон нөхцөл бүрдүүлэх, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангуулж, цахим хөгжил, инновац, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвлөмж дүгнэлт гарсны дараа холбогдох төсөл хөтөлбөрт зориулсан санхүүжилт олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар тогтоолын төсөлд тусжээ.

Энэ тогтоолын биелэлтийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган чуулганы хугацаанд багтаан танилцуулахыг Засгийн газарт даалгасан тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа. 

зураг
 

Дараагийн тогтоолын төсөл нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг хэлэлцээд улсын төсвийн сар, улирал, жилийн гүйцэтгэлийн нэгдсэн мэдээллийг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсвийн орлого, хөрөнгийн зардал, урсгал зардал, тусгай сангууд, концессоор хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, гадаадын зээл тусламж зэрэг загварын дагуу нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар цахим орчинд байршуулж, зардлын задаргааг цахим талбаруудтай холбон харах боломжийг бүрдүүлэх, Төсвийн тухай хуулийн зохих заалтуудын хэрэгжилтийг хангуулан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлж, эрэмбэлэх үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах, цахим орчинд байршуулж буй төсвийн талаарх мэдээллийг эдгээр журмуудын хавсралтад тусгасан загварт хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэх, мэдээллийг тогтоосон хугацаанд нь нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар оруулж, энэхүү тогтоолын биелэлтийг  УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох тухай агуулга бүхий тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж мөн баталлаа. 

Хуралдаанаар хилийн чанад дахь монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглан сонгуульд оролцох эрхийг хангах боломжийг судлан санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг дэмжин баталлаа. Байнгын хорооны хуралдаан үргэлжлэн Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонсов. Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гадаадад ажиллаж, амьдарч иргэдийн саналыг хэрхэн авч байгаа талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр, 2024 оны сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй  187 мянган сонгуулийн насны иргэдээс  75 хувь  саналаа өгсөн. 2024 оны сонгуульд санал өгөх иргэдийн бүртгэлийг цахимжуулснаар сонгогчид санал хураах өдрөө л шууд биечлэн ирдэг болсон зэрэг дэвшлийн талаар танилцуулав. Мөн тэрбээр, Эстони, Франц, Шинэ Зеланд, АНУ, Швейцар, Оман гэх мэт 17 улс цахим санал хураалтыг гадаад улсад байгаа иргэдийн санал хураалтад хэрэглэдэг. Цахим санал хураалт санал авах байранд санал өгөх болон шуудангаар санал өгөх хэлбэрүүдтэй хослуулан хэрэглэж байна гэв. 

Түүний дараа И-Монгол академийн захирал Б.Мягмарнаран И-Монгол төрийн цахим үйлчилгээг гадаадад байгаа хүмүүст хүртээмжтэй хэрэглэх боломжийг нээх болон боломжит хувилбар, шийдлүүдийг танилцуулав. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 87 байгууллагын 1,263 үйлчилгээг иргэнд санал болгож байгаа. Гадаадад ажиллаж, амьдарч буй  иргэдээсээ  нэг сарын хугацаанд 7 сая орчим хандалт авсан. Энэхүү системд нэвтэрч ороход нь 3 төрлийн хандалтаар хандах боломжийг санал болгодог. Харин гадаадад буй иргэдийн хувьд  интернэт банкны эрх болон өөрийн нэр дээрх операторын дугаарын бүртгэлийг ашиглаж байгаа. Эдгээрээс тоон гарын үсгээр нэвтэрч орох нь хамгийн оновчтой хувилбар хэмээн үзэж байгаа гэв. 

зураг
 

Мөн Үндэсний дата төвийн захирал М.Баттулга хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр, өнөөдрийн байдлаар 816 төрлийн төрийн үйлчилгээний сервисүүдээр дамжуулан цахимаар төрийн үйлчилгээг авах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн 816 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн. Харин гадаадад байгаа иргэдийг цахимаар хэрхэн таних вэ гэдэг шийдлийг олох хэрэгтэй байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах  дан систем гэж  хуульчилж өгсөн. Энэхүү системийн ашиглалт, үйлчилгээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хариуцан ажиллаж байна. Дан системийн сервисүүд онлайн болсноор иргэнийг цахим орчинд хамгийн өндөр хувьтайгаар таних хэрэгцээ шаардлага үүссэн.

Энэ дагуу 2018 онд нэг удаагийн код буюу иргэний регистр дээр бүртгэлтэй гар утасны дугаарт нэг удаагийн код илгээх зарчмаар хэрэглэгчийг бүртгэж эхэлсэн. Харин 2020 онд банкны эрх  болон тоон гарын үсгийг шинээр нэмж оруулсан. Түүний дараа 2024 онд дэд бүтцийн кластер зохион архитектурын хувьд шинэчлэн цэгцэлсэн. Энэ онд веб суурьтай системийг аппликэйшн суурьтай болгож, тусдаа бие даасан, гадаадад оршин суугаа иргэдийг таних олон шийдлүүдийг нэвтрүүлсэн систем болгож хөгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна гэв. 

зураг
 
зураг
 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Д.Бум-Очир, Ж.Золжаргал нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ саналыг цахимаар авах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллах талаар болон ямар нэгэн зөрчилтэй иргэнийнхээ саналыг авах боломж буй эсэх, санал хураалтын цахим системийн халдлагад өртөхгүй байх баталгааг хэрхэн хангах талаар асуултуудыг асуусан. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, цахимаар сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх нь чухал байна. Мөн техник, технологи, аюулгүй байдал зэрэгт иж бүрэн судалгаа хийнэ. Энэ олон асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа нь том алхам хэмээн харж байна. Тухайн улсад амьдрахад зөрчилтэй иргэдийн хувьд санал хураалтад оролцох асуудалтай хэдий ч цахимаар санал авах тохиолдолд тодорхой хэсэгт нь санал өгөх боломж бүрдэх байх гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.