Уншиж байна ...

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгчихсөн. Нөхөн төлбөрт Оюутолгойд эзэмшиж буй хувийг нь авна гэх санал тавьсан

Н.Эрхбаяр, iKon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд үргэлжилж байна.

Уг сонсголтой холбогдуулан гэрчээр дуудагдсан Сангийн сайд асан С.Баярцогт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Оюутолгойн асуудлыг ард түмний нээлттэй хэлэлцэх нь сайн. Гэхдээ цаг хугацааны хувьд тооцох ёстой. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа хоёр асуудлаар хэлэлцээр хийж байгаа. 

Хоёрдугаарт Оюутолгойн гэрээтэй холбоотой олон Засгийн газар дамжин хэрэгжиж байгаа энэ зүйлүүд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тиймээс нээлттэй ярих ч зүйл байна, ярихгүй ч зүйл байна. Энэ бол Монгол Улсад гадаадаас орж ирэх дуудлага, 100 жил үргэлжлэх төсөл учраас бүгдийг хуулийн дагуу хийх ёстой.

УИХ-аар 4 удаа тогтоол гаргаж, авч хэлэлцсэн. Ийнхүү тав дахь удаа дээрээ Хянан шалгах түр байгуулаад явж байна. Хэдийгээр хоёр асуудлыг хэлэлцэж байгаа ч гэсэн хаалттай хэлэлцэх зүйл их байна. 

Монголын улс төрчид үндэсний аюулгүй байдлын түвшинд асуудлыг хаалттай ярилцах шаардлагатай. Оюутолгойн эргэн тойронд болж байгаа зүйлийг бодох ёстой. 

ОХУ-ын Калининград мужийн шүүхэд Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгчихсөн. Шүүхэд өгсөн тэр асуудал дээрээ нөхөн төлбөрт нь Оюутолгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авна гэсэн санал тавьчихсан байгаа. 

Арбитрын шүүх дээр татварын маргаан явж байгаа. Шүүх хурал дуусчихсан. Энэ асуудлыг зүй зохистой шийдэхгүй бол Монголын тал 70 жил ашигтай эсвэл хөрөнгө оруулагч 70 ашигтай зүйл болно. 

Бидэнд сургамж бий, Хан Ресурс дээр эвлэрлийн гэрээ хийгээгүйгээс болж маш их хэмжээний алдагдал хүлээсэн. Ийм сургамжуудаа давтахгүй байх ёстой.

2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж, Оюутолгойн үр өгөөжийг сайжруулсан. 2015 оны хийсэн Дубайн гэрээнд би эсрэг байр суурьтай байсан, намайг оролцуулаагүй. Энэ гэрээгээр бидний үр өгөөж муудсан.

2019 онд хийсэн гэрээгээр сайжирч, Монгол Улс өргүй болсон. Өр гэж яригдаад байгаа зүйл байхгүй. Одоо яригдаад буй өр болон хүүгийн асуудлыг Оюутолгой ХХК-ийн хувьд бүрэн хариуцлагатайгаар дааж байгаа. Монгол Улсын эдийн засаг тав дахин томорч, төсвийн хэмжээ 15 дахин нэмэгдсэн. 

Оюутолгойн орд газрыг бид дарга нарын идэж уудаг нүүрс шиг болгоогүй. Маш сайн хяналт дор явагдаж байгаа.

Бүгдээрээ хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол Улс ашгаа гурван зүйлээр авдаг. Нэгт АМНАТ буюу байгалийнхаа нөөцийг ашиглуулсныхаа хүчинд авч буй татвар, хоёрт бүх төрлийн татвар. Энэ хоёрыг төсөл эхэлснээс хойш авсан.

Гуравт ногдол ашиг буюу хувь эзэмшсэний хүчинд авна. Тиймээс 2009 онд Хувь эзэмшигчдийн гэрээ гэж 2009 онд байгуулсан. Ашигтай ажилласан бол хоёр тал ногдол ашиг авна. Хөрөнгө оруулагч тал хоёрхон зүйлээр ашиг авдаг. Үндсэн ашиг нь ногдол ашиг, санхүүгийн үйлчилгээний төлбөр авдаг. Энэ дээр бид хяналт тавих ёстой. Тэгэхгүй бол эдийн засгийн үр өгөөж муудна.

Өнөөдрийн сонсголоор Оюутолгойн бүлэг орд дээр лиценз эзэмшиж буй Оюутолгой ХХК, Онтрэ Ресурс ХХК-ийн лиценз эзэмшилт хөрөнгө оруулалтын гэрээнд хамрагдах эсэх талаар хэлэлцэж байгаа. Гэрээг ахалж хийсэн хүний хувьд хэлэхэд Онртэ ХХК-ийн 34 хувийг Монгол Улс шууд эзэмшинэ. Онтрэ хөрөнгө оруулалтын гэрээний тал биш учраас бид бүх татвараа авна. Энэ асуудлууд сонсголын үеэр гарах болов уу" гэв.