Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Ганзориг "Сүүлийн 10 жилд ТЭЗҮ батлагдаагүй мөртлөө үйл ажиллагаа явагдаж байна. өөр ТЭЗҮ-тэй яваа юм уу? Дотоод ТЭЗҮ гэж юм байгаа юу? гэв.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Дотоод, гадаад гэсэн хоёр өөр ТЭЗҮ байх боломжгүй. ТЭЗҮ-ийн нэг л төлөвлөгөө бий. Үүнд эдийн засгийн үр өгөөж, техникийн шинэчлэл зэрэг шинэ мэдээллүүд байнга орж ирж байдаг. Иймд жил болгон ТЭЗҮ-ийн тооцооллоо шинэчлээд явдаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр таван жилд нэг удаа зайлшгүй ТЭЗҮ-ээ танилцуулна" гэв.
Үргэлжлүүлэн сорчлон олборлох Оюу толгойн олборлолтын талаар Ил уурхай хариуцсан ерөнхий менежер Отгонбаяр "Оюу толгойн олборлолт нь анх Өмнөд Оюу ордын ил уурхайгаас эхэлж далд уурхай руу орсон. Энэ асар том ордын ажил цаашид 100 жил үргэлжлэх ёстой учир хайгуулын ажил нь үе шат дараалалтайгаар явдаг. Тухайн ордын олборлолтын хугацаа дөхөөд ирэхээр өмнө нь хайгуулаа хийгээд цаашид ТЭЗҮ-ээ хийх зэргээр үе шат дараалалтай явдаг" гэв.
"Оюу толгой" компанийн геологич А.Одончимэг "Оюу толгой компани дээр геологи болон үйлдвэрлэлийн нөөцийг тодорхойлоод явдаг. Геологийн нөөц дээр суурилсан тооцоолол дээр уурхайн үргэлжлэх хугацаа нь 2100 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөө тооцоо байгаа. Үйлдвэрлэлийн нөөц 2051 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа.
Энэ хугацаанд Оюу толгойн бүлэг ордын хэмжээнд хайгуулын судалгаануудыг шат дараатайгаар хийж гүйцэтгэнэ. Үүний хүрээнд тухайн үйлдвэрлэлийн нөөц илүү тодорхой болж Ордын үр ашиг цаашид нэмэгдээд явах стратеги төлөвлөгөө байгаа. Уг стратеги төлөвлөгөөгөө хамгийн сүүлийн ТЭЗҮ дээрээ багтаасан байгаа.
Агуулга багатай хэсгүүдээ үлдээнэ гэсэн үг биш. ТЭЗҮ23-д тодорхой тусгаснаар бид уурхайн насжилтын хугацаанд үйлдвэрлэлийн нөөц, геологийн нөөцөө аль алиныг нь оруулан тооцоолсон байгаа. Өөрөөр хэлбэл агуулга багатай ч эдийн засгийн хувьд үр ашигтай хэсгүүдийг олборлоно. Гагцхүү цаг хугацааны хувьд уулын ажлын төлөвлөгөөгөөр тодорхойлно гэсэн үг" гэв.
Тодруулбал Оюу толгойн орд нь дэлхийн хэмжээний том орд бөгөөд үйлдвэрлэлийн батлагдсан, магадалсан мөн геологийн боломжтой нөөцүүдийн нийлбэр нь уурхайн үйл ажиллагааг 2050-аад оноос цааш олон арван жил үргэлжлүүлэх боломжтойг харуулдаг. Нөөцийн судалгаа, хайгуул, геологийн тодотголуудыг таван жил тутам шинэчилж ирсэн бөгөөд шинэ судалгааны үр дүнгээр нөөц нэмэгдэх хандлага тогтмол бий аж.
2051 онд ордын нөөц дуусна гэсэн үг биш. Харин тухайн үеийн олборлолтын төлөвлөгөө, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран үйл ажиллагааны дараагийн үе шат руу шилжих тухай асуудал яригдах юм байна.
Уул уурхайн нэг чухал ойлголт бол уулын ажлын дараалал бөгөөд Оюу толгой энэ дарааллаа бизнесийн зарчим, уурхайн аюулгүй ажиллагааны дагуу төлөвлөөд явж байгаа гэдгийг онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!