Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр түр хорооны дарга О.Батнайрамдал "Хянан шалгах түр хороонд нийт 92,467 хуудас нотлох баримтыг цуглуулсан ч 51 хувь нь нууцын тамга дарагдсан учир олон нийтэд ярьж болохгүй байна. Иймд яагаад нууцын тамга дарсан бэ" гэв.
Уг асуултад “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Компанид олон нийтэд нээлттэй мэдээллээс гадна дотоод журмаараа олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг. Тиймдээ ч уг мэдээлэл нь нууц гэхээсээ илүү олон нийтэд байнга гаргаад байдаггүй л мэдээлэл юм.
Энэ хугацаанд нээлттэй байгаагүй биш. Компанийн зүгээс Түр хорооны шинжээч нарт дан ганц мэдээлэл өгөхөөс гадна тулж ажиллан бүх тооцооллоо тайлбарлаж нэлээд цаг зав зарцуулсан" гэв.
Тодруулбал нууцын тэмдэг нь байгууллагын нууцад хамаарах мэдээлэл болохыг тодорхойлсон тэмдэглэл бөгөөд Хянан шалгах түр хороонд олгогдсон мэдээлэл нь хянан шалгах үйл ажиллагааг хязгаарлахгүй, гагцхүү олгогдсон мэдээллийг албаны бус зориулалтаар бусдад тарааж түгээхээс сэргийлж, байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалахыг хүссэн тэмдэглэл аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!