Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр цахимаар олгох боломжийг бүрдүүлжээ.
Өмнө нь ажил хэрэг, бизнесийн зорилгоор зорчих, олон улсын болон ажил хэргийн хурал, уулзалт айлчлалд оролцох гадаадын иргэн заавал уригчтайгаар виз мэдүүлэх шаардлагатай байсан бөгөөд бизнесийн хамтрагчгүй, уригчгүй тохиолдолд уг визийг мэдүүлэх боломжгүй байсан.
Үүнээс шалтгаалан өөрийн зорилгод нийцээгүй аяллын цахим виз мэдүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилд тооцогдох эрсдэл үүсэж байсан.
Тэгвэл ажил хэргийн шугамаар 10 хоногийн хугацаатай түр ирэх гадаадын иргэн тус визийн хүсэлтийг уригчгүйгээр, өөрөө бие даан цахим үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдүүлэх боломжтой боллоо.
Визийн хүсэлтийг аяллын цахим визийн адил 48 цагийн дотор шуурхай шийдвэрлэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!