Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига , албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад хийсэн хяналт, шалгалтаар ноцтой хэргүүд илрээд буй.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн Баасан гарагт Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан юм.
Тэгвэл олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс (2025.12.08) нээж байгаа юм байна.
Тус төв иргэдээс ирсэн мэдээллийн нууцлалыг хадгалж, эх сурвалжийг хуулийн дагуу хамгаалах аж. Тус төвд ирсэн мэдээллүүдийг өдөрт нь нэгтгэж, ЗГХЭГ-т шууд хүргүүлэх бөгөөд дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайдад танилцуулах юм байна. Шаардлагатай тохиолдолд баримт нотолгоо бүхий мэдээллийн мөрөөр хууль хяналтын байгууллагыг ажиллуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!