Уншиж байна ...

Тайланд, Камбожийн хил дээр дахин зэвсэгт мөргөлдөөн гарсны улмаас хоёр хүний амь үрэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Тайланд, Камбож улсуудын маргаантай хилийн хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Хил орчмын авто замыг засварлаж байсан ажилчдыг хамгаалах үүрэгтэй цэргүүд рүү Камбожийн цэргүүд гал нээсний улмаас хоёр цэрэг алагдсаныг Тайландын тал эхлээд мэдээлсэн байна.

Харин Камбожийн тал үүнийг няцааж, Тайландын талаас түрүүлж гал нээснийг баталжээ.

Тэгвэл өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө Камбожийн цэргүүд нутаг дэвсгэр рүү нь буудахад хариу гал нээснээ Тайландын зэвсэгт хүчин мэдээлсэн байна. Үүнийг Камбожийн эрх баригчид бас няцаасан юм.

Дараа нь Тайландын арми хоёр улсын хилийн шугам дагуу Камбожийн цэргийн байгууламжуудад агаараас довтолсноо мэдэгджээ.

Хоёр улс өнгөрсөн долдугаар сард хилийн маргаантай хэсэгтээ таван өдрийн турш ширүүн дайтахад 48 хүний амь үрэгдэж, 300,000 орчим хүн орон гэрээсээ дүрвэж байсан юм.

Энэхүү мөргөлдөөний дараа хоёр улсын засгийн газар гал зогсоох тохиролцоонд хүрч, улмаар аравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын оролцоотой энхийн гэрээ байгуулж байлаа.

Францын колоничлолын үед тогтоосон Лаос улстай залгаа хилийн шугамыг Тайланд, Камбожийн аль аль нь хүлээн зөвшөөрдөггүй юм.

Хоёр улс энхийн гэрээгээ аравдугаар сард Малайз улсад зохион байгуулагдсан ASEAN-ий дээд хэмжээний чуулганы үеэр байгуулж байв.

зураг
 

Уг арга хэмжээнд оролцсон ерөнхийлөгч Трамп “Энэ бол Зүүн Өмнөд Азийн хувьд чухал өдөр. Түүхэн алхам юм” гэж хэлж байжээ.

Гэвч гарын үсэг зурснаас хойш ердөө хоёр долоо хоногийн дараа Тайландын тал уг гэрээний хэрэгжилтийг түр зогсоож буйг зарласан юм.

Энэ нь Камбожийн хилийн ойролцоо газрын мина дэлбэрсний улмаас Тайландын хоёр цэрэг шархадсантай холбоотой байжээ.

Эвлэрүүлэхэд зуучилсан Трампын нэрийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлсэн Камбож улс тухайн үед гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг Тайландын талаас шаардаж байв.

 

Эх сурвалж: BBC