Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Хянан шалгах түр хорооны шинжээч:
"Монгол газар ХХК нь 2001 онд “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ордын тусгай зөвшөөрлийг аваад 4-7 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Онтрэ ХХК-д шилжүүлсэн байдаг.
Долоон удаа шилжилт хөдөлгөөн хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж дүгнэлээ.
Тусгай зөвшөөрөл шилжүүлсэн авсан талаар АНУ-ын хөрөнгийн зах зээлийн sec.gov сайт дээр 10.5 сая ам.доллароор худалдан авсан гэх мэдээллийг байршуулсан. 10.5 сая ам.долларыг бэлнээр 5 сая ширхэг хувьцаагаар мэдээлэл байршуулсан. Харин Монгол Улсын хуулийн этгээдүүд хооронд хийгдсэн гэрээний үнийн дүнг дурдаагүй. Монгол газар ХХК нь худалдсан үнийн дүнгээс татвар төлсөн тодорхойгүй байна" хэмээн дүгнэлт танилцуулав.
Энэ талаар Түр хорооны дарга О.Батнайрамдал "Монгол газар" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяраас "Онтрэгийн лицензийг "Монгол газар компани" эзэмшиж байсан. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хийхдээ 10.5 сая ам.доллароор зарсантай санал нэгдэж байна уу? Ингэхдээ та тухайн үед Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар болон бусад хураамжийг төлж байсан уу?" хэмээн асуув.
Эна талараа "Монгол газар" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мянганбаяр "2000 онд манай компани болон Би эйч би компани Оюу толгойн бүлэг ордын хайгуулын лицензийг анх авч байсан. 2001 онд Канадын зарим нэг брокерын бүсийн ганц хоёр хүнтэй нийлээд Онтре компанийг байгуулсан. 2001 онд манайх Анод банкнаас 3 сая ам.долларын зээл аваад 2003 онд Анод банк, Монгол банк тэр зээлийг яаралтай хаа гэсэн учир бид банкны өр хаахаар өөрсдийн хувийг Канадын хувь эзэмшигч нарт 5 сая ам.долларын бэлнээр, 5 сая ам.долларын хувьцаа хэлбэрээр зарсан.
Татварын хувьд сайн санахгүй байна. Улсын бүртгэл дээр тодорхой байгаа байх гэж бодож байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!