Уншиж байна ...

Улсын начин М.Жамъянпүрэвийн охин Ж.Энхсоёл БНСУ-ын волейболын дээд лигт тоглохоор болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 13 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

БНСУ-ын волейболын Дээд лиг болох V лигийн өнгөрсөн улирлын дэд аварга баг болох "Red Sparks" багийн ази легионер Тайландын Випавит Ситонг гэмтлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон билээ. 

Улмаар тус баг дараагийн ази легионер тоглогчоо олжээ. 

Тэд 20 настай Inkushi (Энхүүш) нэрээрээ солонгост танигдсан монгол тамирчин Жамъяанпүрэвийн Энхсоёлыг эгнээндээ нэгтгэснээ зарлав.

Ж.Энхсоёл өнгөрсөн улиралд "Дархан Могулс" багт тоглосныхоо дараа БНСУ-ын лигт ази легионер шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн боловч сонгогдож чадаагүй юм.

Тэрбээр БНСУ-ын алдарт тамирчин Ким Ён Гуны гол дүр бүтээж буй "The Wonder Coach" телевизийн шоуны багт тоглож байв. 

БНСУ-ын Тэжон хотын "Red Sparks" волейболын баг нь 1988 онд байгуулагдсан. V лигийн аваргаар 2005, 2010, 2012 онд түрүүлж, өнгөрсөн жил дэд байр эзэлсэн юм. 

Харин энэ улиралд 13 тоглолт хийснээс дөрөв хожсон үзүүлэлттэй байна.

Сонирхуулахад Ж.Энхсоёлын аав нь Монгол Улсын өсөх идэр начин тамирчин М.Жамъяанпүрэв бол ээж нь волейболын олон улсын хэмжээний мастер Л.Нарантуяа аж.