Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудал сэдвээр мэдээлэл сонсож байгаа юм.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: 2010 болон 2015 оны ТЭЗҮ, тодотголд Оюутолгой компанийн бус Онтрэ гоулд компанийн эзэмшлийн нөөцийн мэдээлэл ороод явж байна. Оюутолгой компани анхнаасаа өөрийн бус Онтэ-ийн талбайн геологийн нөөцийг ашиглах байдалтай явж байна.
2020, 2023 оны ТЭЗҮ-ийн нөөцийн тодотгол дээр хоёр өөр компанийн юмаа салга гэхэд салгаагүй байгаа учраас батлаагүй гэдгийг УУХҮЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн М.Мэндбаяр хэллээ.
Танай эзэмшлийн талбайг өөр компани ухах гээд ТЭЗҮ хийгээд байхад та нар яагаад зөвшөөрөөд байгаа вэ?
"Онтрэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт: Онтрэ компани нь 10 ажилтнаас бүрддэг багахан аж ахуйн нэгж юм. Тиймээс бид уулын үйл ажиллагаа ялангуяа олборлолтын ажил гүйцэтгэх техникийн хүчин чадал хомс.
Онтрэ компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Оюутолгойн тусгай зөвшөөрөлтэй нэгдсэн нэгдмэл орд газар учраас үйл ажиллагааг нэгдсэн байдлаар явуулах нь эдийн засгийн хувьд зохимжтой гэж үзсэн.
Тиймээс манай компанийн мэдэлд байгаа нөөцийг Оюутолгойн орд газраас тусдаа олборловол эдийн засгийн үр өгөөжгүй байна.
Хууль эрх зүйн үүднээс авч үзвэл 2009 онд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой компани нь Онтрэ-ийн өмнөөс тусгай зөвшөөрөл бүхий талбайн олборлолтыг явуулж, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг явуулах заалттай.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Онтрэ компанийн эзэмшилд байгаа хоёр лиценз дээр Оюутолгойн бүлэг ордын 32 хувь нь байна гэдгийг шинжээчийн танилцуулгаас харлаа. Онтрэ компани лиценз эзэмшигчийн хувьд тодорхой эрх үүрэгтэй. Компани өөрөө хайгуулын ажил, уулын төлөвлөгөө гэх өөрийн тусгай зөвшөөрлийн эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж харагдлаа.
"Онтрэ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт: Бид эрх үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэгт санал нэгдэхгүй байхыг болгооно уу. Учир нь бид 2004 оноос хойш Оюутолгой компанитай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтын хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаа хамтарч явуулж эхэлсэн.
Үүний дагуу 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ, нөөцийн үнэлгээ, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаатай холбоотой аливаа зардлуудыг хуулийн дагуу биелүүлж байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдэд Онтрэ болон Оюутолгой (тэр үеийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК) компани ямар зарчмаар үйл ажиллагаа явуулахыг тусгасан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!