УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.
Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа нууц санал хураалт явуулж Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо. Харин Л.Сонорыг тус хорооны гишүүнээр томилох нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат төв талбай дээр болж буй жагсаалын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшиж буй гурван хүний анкетыг харлаа. Хувийн хэвшилд ажиллаж байсан хүн байхгүй байна.
Олигтой компани гарч ирэхгүй, ард түмний амьдрал дээшлэхгүй байгаа. Төрийн албаар дамжаад ах дүүгээр орчихдог. Хөдөө орон нутагт малчид хамгийн өндөр хувийн хүүтэй зээл авдаг. Үүнийг мэдэж байгаа юу.
Гадаадуудыг авбал 200-300 мянган ам.доллароор ажиллуулна, бид эх орончид учраас цалин хөлсгүй ажиллана гэдэг. Цэргийн алба хаасан хүн алга, ярьж байгаа зүйлтэйгээ нийцэхгүй байна. Та нар цалинтай ажилладаг юм уу.
Чуулганд үг хэлэх боломж ховорхон тохиох юм. Энэ Засгийн газар хамгийн их эрх мэдэлтэй, удаан ажиллаж байгаа. Гадна хүмүүсийн амьдрал ахуй хүнд, Засгийн газрын гишүүд, дарга нарыг тойрсон хүмүүсийн амьдрал сайжраад байх шиг.
Үүнийг нь хэлээд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу жагсаж буй эмэгтэй хүнийг их гутаан доромжилж байна. Ийм байвал Засгийн газартай хариуцлага тооцно шүү. Ямар ч байсан нэг жил хүлээе гэж бодсон юм.
Бид Чингис хааныхаа ард нуугдаад суугаад байдаг. Эзэн хааны талбай дээр монгол хүнийг эрүүгийн элементүүдтэй нийлүүлчихсэн. Зургаан жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр хэдэн ч гэр барьж жагсаж байлаа даа. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн захирал би санхүүжүүлж байсан гэсэн.
Өнөөдөр иргэн хүн гарч ирээд талбай дээр утааны асуудал, ээж хүн хүүхэд гаргахдаа олигтой газар төрж болохгүй юу гэдгээ яагаад хэлж болдоггүй юм бэ. Яагаад хааж боогоод байдаг юм бэ. Бид үүнээс эхэлж дарангуйлал руу явж байгаа.
УИХ-ын чуулган маргааш завсарлах байх. Хэдэн хоногийн дараа ирэхэд төв талбайг монгол хүний цусаар битгий будчихаарай. Ардчилал, Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа юм. Үүний эсрэг яваад байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!