Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS жилд $3.6 тэрбумыг улсынхаа эдийн засагт оруулсан болохыг Хьюндэй Судалгааны төв танилцуулжээ.
Энэ нь 26 ширхэг дундаж хэмжээний компанийн үйл ажиллагаатай тэнцэнэ гэсэн байна.
Мөн 2017 онд Өмнөд Солонгост аялсан гадаадын 13 жуулчин тутмын нэг нь энэхүү хамтлагийн нөлөөгөөр ирсэн гэдгийг тооцоолжээ.
Товч нэр нь BTS, бүтнээрээ Бантан Сонёндан (солонгос хэлнээс орчуулбал Сум нэвтэрдэггүй скаут хөвгүүд) гэх энэ хамтлаг Өмнөд Солонгосын хамгийн амжилттай хөгжмийн экспортод тооцогдож байгаа.
Энэ оны эхээр тэд АНУ-ын шилдэг цомгийн жагсаалтад багтсан анхны K-pop уран бүтээлч болсон. Уг амжилтын нөлөөгөөр дэлхий дахинд Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүн, брэндийн нэр хүнд өссөн болохыг судлаачид тогтоожээ.
Тоогоор илэрхийлбэл бүтээгдэхүүний борлуулалтад түлхэц болох нөлөө нь жилийн 4.1 их наяд вон ($3.6 тэрбум) гэж гаргасан байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгост ирсэн гадаад жуулчдын 7 хувь буюу 800,000 хүн зөвхөн BTS хамтлагийн нөлөөгөөр ирсэн гэж тооцоолжээ.
Бас бэлэн хувцас, косметик, хоол хүнс гээд нийт $1 тэрбумын экспорт энэ хамтлагийн нэр нөлөөтэй шууд холбоотой гэнэ.
Хэрвээ тус хамтлаг нэр хүндээ энэ хэвээр хадгалж чадвал ирэх 10 жилийн хугацаанд 41.8 их наяд воны хөрөнгө оруулалтыг эх орныхоо эдийн засагт нэмэрлэнэ гэж Хьюндэй Судалгааны төв тооцоолсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!