Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, баяртай байгаагаа илэрхийллээ

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо, Гэрэл зургийн эхийг "Цагаан ордон"-с,

 - Нью-Йоркоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ дахь албан ёсны айлчлалаа Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73-р чуулганд оролцох томилолтоор үргэлжлүүлж байна.

Вашингтонд хийсэн айлчлалын үеэрээ тэрбээр АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшинг шат ахиулж Өртгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж буйгаа зарласан билээ.

 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийв,

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Маик Пэнс "Монгол Улсын зэвсэгт хүчин Афганистан дахь шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болсонд баяртай байна.  Хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын маш өргөн боломж байна" гэж онцлоод Флоренс хар салхины уршгаар орон гэргүй болсон, хохирол амссан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс эд материалын туслалцаа үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн билээ.

Мөн энэхүү айлчлалын хамгийн чухал зорилго болох Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргасан. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгон үүнийхээ зарцуулалтыг Улаанбаатарын усан хангамжийг цогцоор нь шийдэх шийдвэрт хүрээд байна.

М.Помпео "Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах тухай танай улсын дэмжлэгт талархаж байна. Монголд Америкийн бизнесүүд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Ил тод, тогтвортой байдал чухал" гэж уулзалтын үеэрээ онцлон тэмдэглэж байв.

 
Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар МСК-ийн хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурав,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Вашигтонд АНУ-ын төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаад байна.

Тухайлбал, ОУВС-ийн тэргүүн тэргүүн хатагтай К.Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон тухай бид мэдээлсэн.

 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзав,
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзав,

Ерөнхий сайд энэ өдрүүдэд Нью-Йорк хотод ажиллаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож байна.

Тэрбээр энэ үеэр Вашингтонд уулзаж амжаагүй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр орны харилцаа шинэ шатанд гарсанд талархалтай байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ч Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол орны тухай, монголын соёл уламжлалын талаар сонирхон асууж ярилцсан байна.

 
Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал солилцлоо,

У.Хүрэлсүх Д.Трамптай Вашингтонд Цагаан ордонд уулзах хуваарьтай байсан ч яаралтай нөхцөл байдлын улмаас Д.Трамп Флоренс хар шуурганд өртсөн иргэдтэйгээ уулзаж, газар дээр нь ажиллах шаардлага гарсан юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-нд НҮБ-ийн индрээс үг хэлэх бөгөөд тэрбээр хэлэх үгэндээ олон улсыг энхтайван байдалд уриалж талцал, хуваагдал нь бүх улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй, тэр тусмаа хөгжиж буй улс орнуудад энэ нь хүндээр тусах эрсдэлтэй талаар үг хэлэхээр төлөвлөсөн тухай бид мэдээлсэн. 

 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй зочид төлөөлөгч оролцов.
 
Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.
Мөн энэ өдөр далайд гарцгүй орнуудын хурал болох юм. Монгол Улсын хувьд өөрсдийн санаачилсан 32 орноос бүрддэг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн статусаа нэмэх тогтоолыг НҮБ-д өргөн бариад байгаа  нь 73 дугаар чуулганд оролцож буй гол зорилгын нэг гэж хэлж болно.

Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Бид өөрсдийн санаачлан байгуулсан байгууллагынхаа статусыг нэмж чадвал далайд гарцгүй орнуудыг нэгтгэсэн цорын ганц байгууллагын бүх арга хэмжээ, санхүү, нөлөөлөл, оролцоо талаасаа ч ач холбогдол нь өндөр болж ирэх юм. Тухайлбал, оролцоо талаасаа чухам ямар ач холбогдолтой вэ гэхээр зөвхөн далайд гарцгүй орнууд тойрч суугаад асуудлаа ярих биш транзит орнуудтайгаа хамтарч ярилцаж ойлголцох боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Далайд гарцгүй орнууд дангаараа буюу хоёр талт уулзалтаар өөрсдийн асуудал бэрхшээлээ ойлгуулж, дэмжлэг авах амаргүй байдаг. Тэгвэл 32 орны хамтрал бол улстөрийн хүч.  Үүн дээр нэмэх нь НҮБ ард нь түрлэг болж өгөх нь илүү л хүчтэй болно" гэж байсан билээ.

Монголчуудын санаачилсан 32 орноос бүрдэх судалгааны төвийн статусыг нэмэх эсэх асуудлыг ирэх аравдугаар сард шийдэх юм.