Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын усны хангамжийг нэмэгдүүлэх ЦОГЦ хөтөлбөрийн тухай ТАНЫ мэдэх ёстой ТАВАН БАРИМТ

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 24
iKon.MN

- АНУ-аас Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна - 

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн Баасан гарагт Мянганы Сорилтын Корпорацийнхантай (МСК) уулзсан юм. Энэ үеэр МСК-ийн Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгох болсон 350 сая ам.доллараар ямар төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа танилцуулсан юм.

Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх, усны салбарт цогц өөрчлөлт хийх тус хөтөлбөрийн танилцуулгаас онцлох тоон мэдээллийг хүргэж байна.

НЭГ. УЛААНБААТАРЧУУД УСНЫ ХЯЗГААРЛАЛТАНД ОРОХОД ОЙРХОН БАЙЖЭЭ
 

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын нэг жилийн усны хэрэгцээ 77 сая м3 бол өсөн нэмэгдэж буй хүн ам, үйлдвэр, аж ахуйн хэрэгцээг одоогийн нөөцөөр хангах боломжгүй. Хэрэв Улаанбаатарчууд нөөцөө нэмэгдүүлэхгүй бол удахгүй хэрэглээний хязгаарлалтад орох байсан. Мөн Туул голын тамирыг барах байв” гэж Мянганы Сорилтын Корпорацийн Усны асуудал хариуцсан захирал Кумар Ранганатан танилцууллаа.

 

Дээрх графикт үзүүлсэн зургийн ягаан хэсэг нь Улаанбаатарын хомсдох усны нөөцийг үзүүлжээ. Хэрэв Монголчууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бид усны хязгаартай зохицуулалт бүхий хэрэглээнд шилжих байжээ.

ХОЁР. ХӨТӨЛБӨР ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХЭРЭГЖИНЭ
 

Хэдийгээр энэ хөтөлбөрийн хүрээнд олгогдож байгаа 350 сая доллар нь буцалтгүй тусламж ч маш хатуу нөхцөлтэй. Хэрэв таван жилийн хугацаанд маш оновчтой, зөв төлөвлөлт, менежмэнт хийхгүй бол хөтөлбөрийн хугацаа дуусах үед дансанд мөнгөний үлдэгдэл байвал МСК эргүүлэн таталт хийдэг байна.

Хэдийгээр төслийг хэрэгжүүлэх өртөг 350 сая доллар гэж мэдээлж байгаа ч МСК Монгол дахь судалгааны ажилдаа нэмэлт 10 сая доллар зарцуулжээ. Өөрөөр хэлбэл нийт дүнгээр 360 сая доллар буюу өнөөдрийн ханшаар 900 гаруй тэрбум төгрөгөөр Улаанбаатарчуудын усны асуудлыг шийднэ гэсэн үг.

ГУРАВ. ХОТ БАРУУН ТИЙШ ТЭЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
 

Улаанбаатарын усны нөөцийг нэмэгдүүлэхдээ Биокомбинат, Шувуун фабрик орчимд одоогийн Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй бохирдсон хөрснөөс доош хэсгээс 50 сая м3/жил хүчин чадал бүхий 50 орчим шинэ гүний худаг гаргана. Гүнээс гаргаж авсан усыг сайтар шинжилж олон шатлал бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Энэхүү гүн цэвэршүүлсэн усыг Улаанбаатарчууд шууд унд, ахуйн зорилгоор ашиглах боломжтой болно.

Усны шинэ нөөц боломжийг дагаж Улаанбаатар хотыг баруун тийш нь тэлэн хөгжүүлэх боломж бүрдэх юм байна.

ДӨРӨВ. МОНГОЛЧУУД АНХ УДАА хаягдал усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглана

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах Төв Цэвэрлэх Байгууламж  МСК-ийн Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр хоёр салшгүй хамааралтай. Монгол Улсын Засгийн газар Төв Цэвэрлэх Байгууламж барих асуудлаар БНХАУ-ын талтай ойлголцсон нь МСК-ийн хөтөлбөр хэрэгжихэд томоохон түлхэц болжээ. Учир нь шинээр баригдах цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин боловсруулах үйлдвэрийг МСК-ийн хөтөлбөрийн хүрээнд мөн хийгдэх юм.  Цэвэршүүлсэн хаягдал усыг цахилгаан станцуудын хоёрдогч хэрэгцээг хангах нөхцөл бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын нийт усны хэрэглээний тавны нэг орчим хувийг цахилгаан станцууд ашиглаж байгаа бөгөөд станцууд гүний цэвэр усыг хоёрдогч хэрэгцээндээ ашиглаж ирсэн нь нөөц хомсдож буй манай улсын хувьд дэндүү тансаг хэрэглээ байсан билээ.

Шинээр баригдах хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэр нь жилдээ 15 сая м3 ус боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд энэ нь III, IV цахилгаан станцийн хоёрдогч хэрэглээг бүрэн хангана гэсэн үг.

ТАВ. МСК ХОЁР ДАХЬ КОМПАКТ ГЭРЭЭГ ХҮССЭН БОЛГОНТОЙ НЬ БАЙГУУЛДАГГҮЙ
 

МСК 29 улстай 35 удаагийн компакт гэрээ байгуулж хэрэгжүүлжээ. Ингэхдээ 12 тэрбум орчим доллар зарцуулсан байна.

МСК бусад улс оронд усны нөөц нэмэгдүүлэх, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч энэ удаагийн Монголд хийх төсөл нь маш онцгой төсөл болж байгааг ноён Кумар Руанатан онцолж байсан юм.

Учир нь Улаанбаатарын усны хангамж, нөөцийг сайжруулах хоёр үйлдвэр барих мөн усны салбарын зөөлөн дэд бүтэц буюу бодлого, эрх зүйн өөрчлөлтийг давхар хийх цогц хөтөлбөр болж байгаагаараа онцлогтой ажээ.

 

Мөн байгуулахаар төлөвлөсөн үйлдвэрүүдэд цоо шинэ технологийн давуу талуудыг ашиглахаар төлөвлөсөн байна. 

 

Монголын талаас энэхүү компакт гэрээг байгуулахаар гурван жил гаруйн хугацаа зарцуулахдаа гурван Засгийн газар залгамжлан ажиллажээ.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос "МСК-ийн энэ удаагийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусвал Улаанбаатарчууд 100 жилийн хугацаанд усны асуудалдаа санаа зовохооргүй болно" гэв.