Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс, АНУ-ын ХАМТАРСАН мэдэгдэл

ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргажээ.

Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших гуч гаруй жилийн хугацаанд  гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав.

Монгол Улс, АНУ-ын ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглалд тусгалаа олж, улмаар 2004, 2005 оны Монгол Улс, АНУ-ын Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажсан үндсэн зарчмууд нь хамтын үнэт зүйлс болон стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан харилцааг хөгжүүлэх үндэс суурийг тавьсныг талууд харилцан нотлов. Улмаар талууд хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахдаа эдгээр зарчмыг тууштай дагахаа нотлон илэрхийлэв.

АНУ нь Монгол Улсын чөлөөт, ардчилсан нийгэм рүү хийсэн шилжилтийг сайшааж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг бататган, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн хувьд Монголын үүрэг, хувь нэмэр чухал болохыг нотлов.  АНУ нь Монгол Улсын ардчилсан тогтолцоо руу шилжих үйл явцыг тууштай дэмжиж, зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх, улмаар засаглалын чадварлаг инститүүцүүдийг бий болгох, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үйл явцад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, түншилж ирсэнд монголын тал талархал илэрхийлэв. Манай тал АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотнын анд, чухал түнш орон гэдгийг нотлов.

Бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдал

Америкийн тал Монголын зэвсэгт хүчин Афганистан дахь албаа урт хугацаанд нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэж, Шийдвэртэй дэмжлэг ажиллагаанд 2018 оноос хойш үргэлжлүүлэн оролцоно хэмээн хүлээж байгаагаа илэрхийлэв. Мөн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг үнэлж, Хааны эрэлд хээрийн сургуулиар дамжуулан бусад орны энхийг сахиулах чадавхийг сайжруулахын төлөө хүч чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлэв. Монголын тал АНУ-ын зүгээс эдгээр сургалт болон Монголын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Хоёр тал тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улс орнуудаас бүрэлдэн бий болсон аюулгүй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг цогцлоохын төлөөх зорилгодоо хамтдаа байж, харилцан биенээ дэмжиж ажиллахаа нотлов.

БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах нь бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдалд чухал ач холбогдолтойг талууд харилцан нотолж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл солилцож, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтов. Монгол Улс дээрх зорилтын хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэнд америкийн тал талархал илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүсэв.

 Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай

Монгол Улс, АНУ хоёр нь шинэ Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийнхээ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа хоёр орны ард түмний тусын тулд бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлов. Энэ хүрээнд хоёр тал “Монгол Улс, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг баталж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхийн төлөө эерэг, үр бүтээлтэй арга хэмжээ авч ажиллахаа харилцан илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Монгол Улсад хэрэгжүүлэх Хоёр дахь Компакт гэрээ нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал болохыг талууд сайшаан тэмдэглэв. Компактын хүрээнд Улаанбаатар хотын усны хангамжийг хангах дэд бүтцийг сайжруулж, урт хугацааны тогтвортой хөгжлийг бодлогын шинэчлэл хийх замаар баталгаажуулахыг зорьж байна. Компакт гэрээ байгуулагдсан явдал нь АНУ-ын зүгээс Монгол Улс төдийгүй бүс нутагт эрх чөлөө, нээлттэй, тусгаар тогтносон болон ил тод байдлын зарчмуудыг сахин хамгаалах, түгээх хүсэлтийн илэрхийлэл гэдгийг америкийн тал онцлов. Энэхүү Компакт гэрээ нь Монгол, Америкийн ард түмний удаан жилийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдгийг монголын тал тэмдэглэв.

Хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тогтвортой орчин нь Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх чухал хүчин зүйл гэдгийг тэмдэглэж,  Монгол Улсыг санхүүгийн гэмт хэргээс хамгаалах, ил тод байдал болон макро-эдийн засгийн тогтвортой байдлыг нь хангах, бэхжүүлэхийн чухлыг талууд онцлов. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг дэмжихээ монголын тал илэрхийлж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргээ чанд биелүүлэхээ нотлов.

Нийтлэг үнэт зүйлс болон иргэд хоорондын солилцоо

 Талууд эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөөх хоёр улсын хамтын эрмэлзэл нь хоёр талын харилцааны үндэс суурь болж байгааг тэмдэглэв. Монголын тал Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлыг зохион байгуулсанд америкийн талд талархал илэрхийлж, Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд шашны эрх чөлөөг дэмжих Монгол Улсын эрмэлзлийг илэрхийлэв. Өнгөрсөн 7 дугаар сард болсон Шашны эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын анхдугаар бага хурлын үеэр Монгол Улсын зүгээс Шашны эрх чөлөө хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилохоо зарласныг америкийн тал сайшаан тэмдэглэв. Монгол Улс нь бүс нутагтаа эл асуудлаар тэргүүлэгч орны хувьд шашны эрх чөлөөг дэмжихтэй холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замыг хамтран эрэлхийлж ажиллахаа талууд нотлов.

Талууд соёлын болон боловсролын хамтын ажиллагааны чухлыг онцлохын сацуу боловсролын хөтөлбөр, хамтын ажиллагааг төр-хувийн хэвшлийн түншлэл, солилцоог нэмэгдүүлэх, ашгийн төлөө болон ашгийн бус соёлын солилцоог дэмжих, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь англи хэлний сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх хэлбэрээр хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа мөн нотлов. Энэхүү харилцааг өргөжүүлэх зорилгоор Монгол Улс болон АНУ нь 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарлахаар тохиролцов.

Түүнчлэн талууд дээд, өндөр түвшний яриа хэлцээний давтамжийг хадгалж,  ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт, батлан хамгаалахын зөвлөлдөх уулзалт, Эдийн засгийн бодлогын яриа хэлцээ, Худалдаа, хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн уулзалт, Эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлцээ зэрэг механизмаар дамжуулан хоёр талын харилцааны тэргүүлэх асуудлууд, олон улсын энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хүч чармайлтаа урагшлуулахын чухлыг тэмдэглэв.

Монгол Улс, АНУ нь ойр дотно түншлэлийнхээ хүрээнд ардчиллын зарчмыг сахих, сайн засаглал, хүнийг эрхийг дээдлэх, бүс нутагтаа болон олон улсад энхтайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг авчрах чин эрмэлзэлтэй байгаагаа бататган нотлов.

Вашингтон хот

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр