Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” -д Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийллээ

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 25
iKon.MN

- Нью-Йоркоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцохоор Вашингтоноос Нью-Йорк хотод хүрэлцэн ирээд байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу энэ сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.

Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйгаа илэрхийллээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

“Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Коломб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан Улс гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдэв.

 

АНУ-ын энэхүү санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутеррес мөн дэмжиж буйгаа арга хэмжээний үеэр илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцохоор 100 гаруй орны төр, засгийн тэргүүнүүд Нью-Йорк хотод цуглаад байна.