Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"32"-ын хүч ба НҮБ

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 26
iKon.MN

 - Нью-Йоркоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

“НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын хувьд хамгийн идэвхтэй, олон талт үйл ажиллагаа явуулдаг чухал үйл явдлуудын нэг” гэж НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо.

Монгол Улсын хувьд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт нээж буйгаа өнгөрсөн зургаадугаар сард зарлаж байсан билээ.  Далайд гарцгүй орнууд хөгжлийн хувьд далайд гарцтай орнуудаас 20 орчим хувиар хоцрогдсон байдаг судалгаа бий. 

Тэгвэл 32 орноос бүрдэх энэхүү судалгааны төвийн статусыг НҮБ-ийн хэмжээнд нэмэгдүүлэх үндсэн зорилготой байгаа тухайгаа Д.Цогтбаатар сайд ярьсан бөгөөд хэрэв бид өөрсдийн санаачлан байгуулсан байгууллагынхаа статусыг нэмж чадвал далайд гарцгүй орнуудыг нэгтгэсэн цорын ганц байгууллагын бүх арга хэмжээ, санхүү, нөлөөлөл, оролцоо талаасаа ч ач холбогдол нь өндөр болж ирэх юм байна.

Энэ тухай Д.Цогтбаатар сайд “Тухайлбал, оролцоо талаасаа чухам ямар ач холбогдолтой вэ гэхээр зөвхөн далайд гарцгүй орнууд тойрч суугаад асуудлаа ярих биш транзит орнуудтайгаа хамтарч ярилцаж ойлголцох боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Далайд гарцгүй орнууд дангаараа буюу хоёр талт уулзалтаар өөрсдийн асуудал бэрхшээлээ ойлгуулж, дэмжлэг авах амаргүй байдаг. Тэгвэл 32 орны хамтрал бол улстөрийн хүч.  Үүн дээр нэмэх нь НҮБ ард нь түрлэг болж өгөх нь илүү л хүчтэй болно. Монголчууд өөрсдөө санаачлан ийм байгууллага байгуулсан учир бидний зүгээс хамтын ажиллагааны санаачлагуудыг гаргах, идэвхтэй манлайлах үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн НҮБ-ийн чуулганд бид өндөр ач холбогдол өгч оролцож байна” гэсэн юм.

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулган Нью-Йорк хотноо албан ёсоор өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүтэй зочид төлөөлөгч тус чуулганд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

73 дугаар чуулганд НҮБ-ын гишүүн 193 орноос 150 гаруй орны төр засгийн тэргүүний хэмжээний зочид төлөөлөгч оролцож НҮБ-ийн дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудын  (2015-2030) санхүүжилтийн асуудлаар хэлэлцэж байна. Энэ хүрээнд энхтайвны үйл ажиллагаа, сүрьеэгийн эсрэг тэмцэх хөдөлгөөн, цөмийн зэвсгийг бүрэн устгах тухай, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих, хүний наймаатай тэмцэх зэрэг олон асуудлаар үндсэн болон салбар хуралдаанууд болохоор төлөвлөгдөөд байна.

Мөн энэ удаагийн хуралдааны гол сэдвийн нэг хүйсийн тэгш эрхийг хангах тухай асуудал багтаж байгаа юм. Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы даргалагчаар Эквадорын Гадаад хэргийн сайд Мария Фернанда Эспиноса сонгогдон ажиллаж байгаа бөгөөд тэрбээр чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ:

  1. хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах,
  2. цагаачлалын асуудлаарх дэлхийн гэрээг хэрэгжүүлэх,
  3. ажлын байрыг бий болгох,
  4. уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах,
  5. Парисын гэрээг хэрэгжүүлэх,
  6. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангах,
  7. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, ЕА-н ажлыг эрчимжүүлэх, залуучуудыг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх гэсэн 7 чиглэлд өөрийн анхаарлыг хандуулахаа илэрхийлэв.
 

Харин НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг чиглэсэн дорвитой арга хэмжээг авах шаардлагатай гэж байлаа. Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь шинэ сорилтыг түүний дотор хөдөлмөрийн зах зээлд орохоор бэлтгэгдэж буй залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг тэрбээр онцолсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн цагаар энэ сарын 28-нд НҮБ-ийн чуулганы индэр дээрээс үг хэлнэ



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон хотод албан ёсны айлчлал хийсэн нь өндөр ач холбогдолтой болж АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй хэлэлцээ хийж хоёр орны харилцааны түвшнээ шат ахиулж Өргөтгөсөн Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжүүлж Хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Үүнээс өмнө 2004 онд Монгол Улс, АНУ “Стратегийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан иж бүрэн түншлэлийн” хэмжээнд хүргэн хөгжүүлэхээр тохиролцож байжээ.

Ерөнхий сайдын Вашингтон дахь айлчлалын гол зорилго Мянганы Сорилтын Корпорацитай хоёр дахь компакт гэрээнд гарын үсэг зурах байсан бөгөөд тус гэрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помбеон хамт гарын үсэг зурж тус айлчлалаа амжилттай өндөрлүүлсэн билээ. Ингэснээр АНУ-аас Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож Улаанбаатарын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрт зарцуулах болсон тухай бид мэдээлсэн.

Д.Цогтбаатар сайд “Тогтвортой хөгжлийн хамгийн гол чухал зорилтын нэг нь цэвэр усны хангамжийн асуудал. Монголчуудын хувьд машин угаах, үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаандаа ундны цэвэр ус ашиглаж байгаа улс. Хэрэв бид энэ чигтээ байвал Улаанбаатар 2030 он гэхэд цэвэр усны дутагдалд орж эхлэх судалгаа гарсан.

Өөрөөр хэлбэл, цэвэр усны хүртээмжийн асуудал бидний толгой дээр ирсэн хамгийн том бэрхшээл. Жишээ нь, бид утаа, агаарын бохирдлоо арилгаж чадахгүй байсаар ямар хэмжээний том асуудалд орчихсон билээ. Эргээд засахад маш хүнд том өөрчлөлтүүд хийх шаардлагатай болоод байна. Тэгвэл бид усны асуудал дээрээ арга хэмжээ авахгүй явсаар 2030 он хүрвэл дахиад л 1.5 сая хүний асуудал босоод ирвэл яах вэ. Магадгүй утаанаас ч бэрхшээлтэй. Тиймээс л одооноос  үүнд хөрөнгө оруулалтыг нь хийгээд зөв технологи руугаа шилжинэ гэдэг маш том ололт. Өөрөөр хэлбэл цэвэр усны хангамжийн асуудал гэдэгт яг өнөөдөр дутагдалд орчихсон газруудаас гадна орж болзошгүй улсуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг мөн хэлнэ шүү дээ.  Тиймээс ч энэ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцэж байгаа юм” гэж байлаа.

Өөрөөр хэлбэл, МСК-ийн хоёр дахь компакт гэрээ амжилт олвол Улаанбаатарчуудын хувьд усан хангамжийн асуудалд санаа зовохооргүй болсон тухай таатай мэдээ нь НҮБ-ын дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас үүдэлтэй ажээ.

Тиймээс ч жил бүрийн НҮБ-ын хуралд улс орон болгон өндөр ач холбогдол өгч оролцож, дэвшүүлсэн зорилтын хүрээнд юу хийж байгаагаа тайлагнадаг.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-нд хэлэх үгэндээ олон улсыг энхтайван байдалд уриалж талцал, хуваагдал нь бүх улсын нийтлэг эрх ашигт нийцэхгүй, тэр тусмаа хөгжиж буй улс орнуудад энэ нь хүндээр тусах эрсдэлтэй талаар үг хэлэх юм байна.

 

Ингэж олон улсад дуу хоолойгоо өргөж байхын ач холбогдлын тухай “Өнгөрсөн жил гэхэд Хойд Солонгосын таагүй хандлагаас үүдэж НҮБ-ын 72 дугаар чуулган маш их зөрчилтэй, өндөр эрсдэлтэй, эмзэг нөхцөлд болж байсан. Тэгтэл өнөөдөр чуулганы уур амьсгалыг сайтар ажиглавал хурцадмал байдал харьцангуй намжсан байна. Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор гэхэд ийм таатай уур амьсгалыг бий болгож чадсан байна.

Олон улсын төр засгийн тэргүүнүүд маш завгүй, тэр болгон уулзалдаж чадахгүй. Гадаад бодлого хэрэгжүүлэх, алхам хийхийн тулд миний түнш юу бодож байна вэ гэдэг маш чухал. Тиймээс ч төр засгийн тэргүүнүүдийн бодол, бодлогыг бусдаас биш яг эхний эх сурвалжаас хамтдаа сонсож, бас бусдад үгээ хэлж, уулзаж ярилцана гэдэг маш чухал.  Зөв мэдээлэлтэй болцгоосон хүмүүс бодлогоо тодорхойлж хамтын ажиллагаагаа явуулж нийтээрээ хожих үндэс суурь болж байдаг. Тухайлбал хоёр Солонгосын асуудалд гэхэд БНСУ-д Монгол Улсын 40 мянга орчим иргэн ажиллаж амьдардаг. Гэтэл нөхцөл байдал таагүй байвал бид өөрийн орны хүмүүсээ яах вэ. Манай иргэдийн зорчих урсгалд ямар өөрчлөлт орох вэ гэх мэт анхаарах асуудал их” гэж Д.Цогтбаатар сайд ярьж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  НҮБ-ын чуулганд үг хэлэхээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер болон өндөр албаны бусад тушаалтантай уулзаж ярилцахаар төлөвлөөд байна.