Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв Улаанбаатарт нээгдлээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад төвтэй анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээх нээлтийн бага хурал өнөөдөр ГХЯ-нд болж байна. 

Монгол Улсын санаачилсан анхны олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлэг 2006 онд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг гаргаж байжээ.

Бага хурлын үеэр албаныхан хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өгсөн юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг “Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах нь  эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай болохоос гадна Монгол Улсад байгуулагдаж буй анхны олон улсын, Засгийн газар хоорондын байгууллага болох утгаараа олон улсын тавцан дахь манай улсын нэр хүндэд улс төрийн чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, дипломатчид идэвхтэй ажиллаж, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг НҮБ-ын тогтоол, шийдвэр болон олон улсын хэмжээний хурлын баримт бичгүүдэд тусгах, НҮБ болон бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын дэмжлэгийг авах чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус төвийн шавыг тавьсан.

Дэлхийд далайд гарцгүй хөгжиж байгаа статустай 32 орон байдаг. Далайд гарцгүй орнууд хөгжлийн хувьд үндсэндээ далайд гарцтай орнуудаас 20 хувиар хоцрогдсон байдаг гэх судалгаа бий.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрийг одоогийн байдлаар Армян, Афганистан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Парагвай, Тажикистан, Этиоп улсын Засгийн газар соёрхон баталсан байна. Бидний зүгээс бусад 20 улсдаа элсэхийг уриалж байгаа” гэлээ.

"Бутан улс Олон улсын судалгааны төвд тогтмол хандив өгч байхаа илэрхийллээ"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хэвлэлийн бага хурлын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал Э.Одбаяраас судалгааны төвийн үйл ажиллагаа, санхүүжилтийн талаар зарим зүйлийг тодруулсан юм.

- Судалгааны төвийн зорилго, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

- ДГХБО-ын Олон улсын судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгарч буй саад бэрхшээлтэй холбоотой судалгаа гаргах, олон улсад хийгдсэн судалгаа, мэдээ мэдээлэл, статистикийн тоо баримтыг бэлтгэх зорилготой.

Уг мэдээллийг ашиглах замаар олон улсын худалдаа, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс илүү үр ашиг хүртэх, эрх ашгаа хамгаалах дуу хоолойг нэгтгэх, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын боловсон хүчний чадавхыг сайжруулж, улмаар эдгээр орнуудын хүний хөгжлийг дээшлүүлэн ядуурлыг бууруулах ач холбогдолтой.

- Судалгааны төв хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ, ямар чиглэлийн судалгаа түлхүү хийж байгаа вэ?

- Манай судалгааны төв судалгааны ажлаа эхлээд гурван жилийн хугацаа өнгөрч байна. 

Энэ хугацаанд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын зүгээс эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар нөлөө үзүүлж байна вэ, ялангуяа уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ гэх асуултууд ирж байсан. Үүнийг нь үндэслээд Лаос улсын нөхцөл байдал дээр судалгаа хийсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тус улсыг бүс нутгийн интеграцчилалд оруулахад ямар нөлөө үзүүлсэн, эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэй байсан бэ гэдэг дээр судалгаа маань төвлөрсөн.

Судалгааны үр дүнд Лаосын жишээн дээр бол шууд хөрөнгө оруулалт мундаг амжилт үзүүлээгүй гэдэг нь харагдсан. Бид олон оронд энэ төрлийн судалгааг хийж, үр дүнгээ хооронд нь харьцуулж байна. Өнөөдрийн хурлын үеэр Лаосын судалгааны үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж байна.

- Судалгааны төв санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?

- Монгол Улс ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулахад манлайлал үзүүлэн олон улсын түвшинд амласны дагуу Засгийн газрын зүгээс ОУСТ-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд зориулан 1 сая ам.долларын хандив өгсөн.

Санхүүжилтийн асуудлыг тавдугаар сард болсон Удирдах зөвлөлийн хурлын үеэр ярилцсан байгаа. Ингээд далайд гарцгүй орнуудын өөрсдийнх нь оролцоо байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. 

Өнөөдөр Бутан улсын Гадаад хэргийн сайд тогтмол хандив өгч байхаа илэрхийллээ. Мөн Казахстан улс санхүүжилтийн асуудлаар эерэг байр суурь илэрхийлсэн. Өмнө нь бол энэ асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байсан. 

Одоогийн байдлаар судалгааны төв олон улсын донор байгууллагууд, Далайд гарцгүй хөгжсөн орнуудын дэмжлэгээр санхүүжилтээ шийдээд явж байгаа. НҮБ-ын мандаттай байгууллага гэдэг утгаараа бас санхүүжилт орж ирдэг. Хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байхад санхүүжилтээ шийдээд, амжилттай ажиллаж чадсан. Тэгэхээр хэлэлцээр хүчин төгөлдөр болж байгаа учраас хөрөнгө мөнгөнд бол санаа зовохгүй байна.